Цэс

Холбоо барих


Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ



    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.04.06) нэгдсэн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

    Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Дэлхий даяар 6 сая гаруй хүний амь насыг авч одсон, хүн төрөлхтөний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчилсөн цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг Та бид хамтдаа даван туулахад Улсын Их Хурлын баталсан цар тахлын эсрэг хууль эрхзүйн орчин түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд батлан илэрхийлж байгаагаа онцлон тэмдэглээд вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас найман сарын өмнө татан төвлөрүүлж, нийт иргэдээ шуурхай хамруулах, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эм тариа, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийг цаг алдалгүй худалдан авах боломжийг бүрдүүлж, болзошгүй эрсдлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалж, эдийн засгаа үе шаттай нээж, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болох боломжийг бүрдүүлсэнд Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлсэн. 


Харамсалтай нь, давааны цаана даваа гэж монголчууд бид ярьдагчлан, шар түвшинд шилжсэнээс хойш 10 хоногийн дараа манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсч, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарсныг Ерөнхий сайд тодотгоод дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хүртлэх хувь өсч, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсч, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ гэв.

Мөн тэрбээр, Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч бид эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-оо төр, иргэн, аж ахуйн нэгж бүх нийтээрээ идэвхийлэн хэрэгжүүлэх үүрэг Та бидэнд ногдож байна. Ер бусын хямралын цаг үе  биднээс ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна. Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй. Энэ хүнд үед монголчууд бид эвлэлдэн нэгдэж, үндэсний аюулгүй байдалд хохирол багатайгаар даван туулах томоохон сорилт ирснийг онцлон тэмдэглэв.


    Хууль батлагдсанаар: 

    Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгох;

  Хоёрдугаарт, Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх;

    Гуравдугаарт, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах эрх зүйн боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.


  Хууль санаачлагч ард иргэдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомстол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч энэхүү гадаад үнийн огцом өсөлт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжид анхаарсан бодлого барих зорилгоор хуулийн төслийг боловсруулан өргөн барьсныг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулгадаа тодотгоод хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа.

  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, Ж.Чинбүрэн, Ш.Адьшаа, Б.Бейсен, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ч.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, Б.Пүрэвдож, Ц.Туваан, Ж.Мөнхбат, нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад гол нэр төрлийн стратегийн хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамжийн асуудалд анхаарч ажиллах,  өмнө нь хэрэгжүүлж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн алдааг давтахгүй байхыг онцгойлон анхааруулж байв. 

 Түүнчлэн ОХУ экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхээ мэдэгдсэний хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон хуулийн төслийн хүрээнд малчидруу чиглэсэн дэмжлэгийн талаар лавлаж байлаа. Мөн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулахаар хуулийн төслийг өргөн мэдүүлснээс гадна эдийн засгийн хүнд байдлыг даван гарахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулсан. 



Эдийн засаг хүндэрсэн бодит байдал нүүрлэсэн тул Засгийн газар шийдэл гаргаж хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариултдаа тодотгохын зэрэгцээ нөхцөл байдал хүнд байгаа ч сөрж гарахаас өөр сонголтгүйг онцлов. Мөн тэрбээр, маргааш болох эдийн засгийн форм дээр бид том төслүүдээ урагшуулах шийдлийн талаар хамтдаа ярилцана. Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудалд өр тэглэгдэж, өмнөх алдаанууд засагдаж, УИХ тодорхой шийдэл гаргасан нь дэлхий дахинд эерэг мессэжийг өгсөн. Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын монголыг зорин ирэх урсгал идэвхжиж байна. Ялангуяа гурав дахь хөрш орнуудаас төсөл, хөтөлбөрүүдийг сонирхож Ерөнхий сайдын хувьд олон уулзалттай байгааг хариултдаа тодотгоод зарим томоохон хөрөнгө оруулалт Монгол Улсын газар нутагт хэрэгжихтэй холбоотой валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлэх асуудал дээр ажиллаж байна. Ойрын үед 4-5 шийдэл гарна. Гэхдээ тухайн үед нь хэлэх нь зүйтэй болов уу  хэмээж байлаа.

ОХУ шатахуун, байгалийн хий зэрэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийхээ төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээрээ хийхээ мэдэгдсэн. Манай улсад рубль байдаг бол энэ нь таатай нөхцөл. Гэхдээ энэ нөхцөл байдлаас гарахын тулд сүүлийн 10 жил Монголбанк, ОХУ-ын төвбанктай ярилцаж байна. Өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулаад нааштайгаар шийдэх болов уу гэж хүлээлттэй байгаа. Хоёр орны төв банкны хооронд үндэсний мөнгөн тэмдэгтүүдээрээ солилцоо хийвэл долларын дарамтаас бага ч болов хөнгөвчлөх боломжтойг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа тодотгоод жилийн хэрэгцээнд шатахууны төлбөрт оргил үедээ 1,8 тэрбум ам.доллар байдаг бол одоогоор үнэ өсөөд 1.4-1.5 тэрбум ам, доллар зарцуулж байна. Он дуустал тэрбум ам.доллартай тэнцэх рубль, төгрөгийн солилцоо хийвэл энэ хэмжээгээр валютын нөөцийн дарамт буурна гэв.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн төв суурин газрын хүн амын махны хэрэглээг хангах, үнийг тогтвортой байлгах хүрээнд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 аж ахуйн нэгжид олгож, нийт 12,7 мянган тонн мах нөөцөлж, гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргаж, ирэх долдугаар сарын 10-н хүртэл хямд үнээр чанарын шаардлага хангасан махаар хангах боломж бүрдүүлснийг тодотгоод эдгээр аж ахуйн нэгжүүд 98 тэрбум төгрөгийг зээлж зах зээлд гаргасан нь эргээд малчдад орлого болж очиж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Түүнчлэн тэрбээр, махны үнэ нийт хэрэглээний үнийн инфляцид дангаараа 20-21 хувиар нөлөөлдөг нь өндөр үзүүлэлт гэдгийг онцлоод махыг хангамж, үнийг барих зорилгоор хуулийн төсөлд уг асуудлыг тусгасан гэв.

Ингээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 57 гишүүний 75,4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хуулийн төсөл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлсэн. 


Тэрбээр хэлсэн үгэндээ, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Засгийн газар өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулиар бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалтууд туссан. Гишүүдийн зүгээс эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад гол нэрийн стратегийн хүнсний бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг олон чухал санал гаргасныг дурдаад энэ асуудалд анхаарч ажиллахыг Эдийн засгийн Байнгын хороонд чиглэл болгов. 

Мөн гурван асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүдээс хүслээ. Нэн тэргүүнд Монголбанк болон сайд нарын мэдээлэлд үндэслэж нийгэмд зөв  дохио, мэдээлэл хүргэх, валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх асуудалд зүй зохистой хүлээлт үүсгэх шаардлагатайг тодотгож байлаа.  

Валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь экспортыг нэмэгдүүлэх явдал гэдгийг УИХ-ын дарга онцлохын зэрэгцээ алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал. Энэ талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан гэв. 

Г.Занданшатар дарга хэлсэн үгэндээ, Оюутолгой ХХК дөрөвдүгээр сард багтаан 450 сая ам долларыг оруулж ирэх бөгөөд 50 хувийг Монголбанканд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг байсан бол одоо 100 хувь Монголбанканд тушааж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-нь 300 сая ам долларын гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд тушааж зузаатгал хийх хэрэгтэй. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байна. Үүнийг яаралтай борлуулах арга хэмжээ авах шаардлагатай байна. Нийтдээ хоёр тэрбум ам доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгааг онцлон тэмдэглээд энэ асуудалд Засгийн газар, Монголбанк холбогдох байгууллагууд шуурхай ажиллахыг анхааруулсан. 

Мөн тэрбээр, Хэмнэлтийн асуудлаар өмнө хэлсэн үгээ дахин давтаж хэлмээр байна. Миний хэлсэн үгийг “ард түмний бүсийг чангалуулах” гэлээ гэж мушгисан. Үнэндээ бол валютын нөөцөө хэмнэж, ханшаа тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлт, шинэ сэргэлтийг хангахын тулд нийт улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Дэлхий дахин ийм хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглээд хэмнэлтийг дээрээсээ буюу төрийн байгууллагаас эхлэх ёстой. Эхний ээлжинд төрийн бүх шатны байгууллагууд төсвийн зарцуулалтаа дахин хянаж, тэвчиж болох бүхий л зардлыг танах хэрэгтэй. Ахмад настны тэтгэвэрийг нэмж, 630 тэрбум төгрөгөөр төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг танасан. Энэ нь хэмнэж болох боломж байсныг харуулсан. Үүнээс ч илүүг хэмнэх бололцоо байна гэв. 

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  нарын 20 гишүүн өргөн барьсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгохын зэрэгцээ хяналт, шалгалтын ажил анх удаа шинэ шатанд гарч байгааг онцлов.     Түүнчлэн төрийн бүх шатны байгууллагын дарга, сайд нарт авлигал албан тушаалын хэргээс ангид ажиллахыг сануулаад дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарлаа хандуулж, зөв оновчтой шийдвэр гаргахын төлөө хичээж ажиллахыг гишүүдэд уриаллаа.    

Дараа нь  Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч хуралдааны цаг дууссан тул хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл