Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 28 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн бөгөөд тэдгээр хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Эмхэтгэлийн тус дугаарт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуулийн зорилт нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, зарчим, хэлбэрийг тогтоох, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ажээ.

Мөн дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлсэн байна.

Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудоор Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь тус тус буцаажээ.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан паркийн үйл ажиллагаанаас төсөвт төвлөрөх орлогын тодорхой хувьтай тэнцэх санхүүжилтийг паркийг хөгжүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зориулалтаар жил бүрийн улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйлдвэрлэл, технологийн паркийн хууль, эрх зүйн зохицуулалт, татварын орчны талаарх танилцуулга, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хаянхярваагийн Амгаланбаатар, Төмөр-Очирын Батзул нарын чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн даатгуулагчийг төлөөлсөн, Хуягийн Ганбаатарын бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлж, Хуягийн Буянжаргал, Бархасын Баяраа нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Рэнцэндоржийн Сансармааг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилжээ.

 Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Хилийн боомтын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэмсэн байна.  

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Оросоогийн Нарангэрэлийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, түүнчлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн “Журам шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1-р хавсралтаар  “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”, 2-р хавсралтаар “Улсын аварга фермер шалгаруулах журам”, 3-р хавсралтаар “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-аар  мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг түгээн дэлгэрүүлж залуу үедээ уламжлуулах, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бол “Улсын аварга фермер шалгаруулах журам”-аар өндөр ашиг шимт мал, амьтан өсгөн үржүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж байгаа эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. “Улсын аварга саальчин шалгаруулах журам”-ын зорилго нь мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, хээлтэгч малаа саалинд бүрэн хамруулж, өрхийн үйлдвэрлэлээр хамгийн их сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа саальчны хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1-р хавсралтаар “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах  журам”-ыг, 2-р хавсралтаар “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох   журам”-ыг тус тус баталсан бөгөөд “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах  журам”-аар амьтны тухай хуулийн холбогдох хэсэгт заасан агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах бол “Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох   журам”-аар амьтны цахим мэдээллийн санд үндэслэн ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг олгохтой холбоотой харилцааг зохицуулах ажээ.

Мөн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд хуримтлал үүсгэх, түүнийг бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгохтой холбогдсон харилцааг зохицуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл