Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 36 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Лхам-Янжингийн Оюуныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Ядамсүрэнгийн Алтаннавчийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилж, Монгол Улсаас Испанийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Испанийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилж, Монгол Улсаас Гүрж Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Гүрж Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг томилж, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Малайз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөрийг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилж, Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Йорданы Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг томилсон байна.

Түүнчлэн тус эмхэтгэлд нийтлэгдсэн Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам”-ыг баталсан байна. Уг журмын зорилго нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас үндсэн болон дэмжих системд мэдээлэл нийлүүлэх, үндсэн болон дэмжих системээр дамжуулан төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд үйлчилгээ авах, хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх замаар мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Журамд зааснаар үндсэн систем нь “Үндэсний дата төв” УТҮГ (цаашид “Дата төв” гэх)-д байрших тархмал бүтэц бүхий төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем бөгөөд “И-Монгол академи” УТҮГ (цаашид “Академи” гэх) нь үндсэн болон дэмжих системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах ажээ.

 Мөн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор шийдвэрлэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тайлбарлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарлах тухай, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар,  Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар зэрэг Монгол Улсын дээд шүүхийн тайлбаруудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл