Цэс

Холбоо барих

Р.Раш: Тогтолцооны өөрчлөлтөөр олноороо хэлэлцэж шийддэг зарчим руу явах ёстой


Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Раштай ярилцлаа.



-Танд Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийг батлах процесс хэрхэн өрнөж байсан түүхэн замналаас хуваалцахгүй юу?

-Шинэ Үндсэн хууль гарах болсон нь түүхэн нөхцөл байдал, улсын хөгжлийн захиалга байв. Тэрнээс гэнэтхэн нэг өглөө босч ирэнгүүтээ баталчихсан асуудал биш л дээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар 1988 онд гарч байсан юм. Ингээд Б.Чимид гуайгаар ахлуулсан Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулагдаж билээ. Тэр үед би намын Төв хороонд ажиллаж байсан. Удалгүй 1990 онд нийгмийн шилжилтийн үе залгав. Иймд Үндсэн хуулийг зөвхөн шинэчлэн найруулах биш, шинэ нийгэмд хөл тавьснаар улсын хөгжил ямар янзтай явах юм бэ гэдэг тэр бичиг баримтыг боловсруулж, батлах хэрэгтэй гэсэн санаа манай сайчуудын толгойд орж ирсэн байх. Тухайн үед МАХН эрх барьж байлаа. Г.Очирбат, Л.Түдэв, Б.Даш-Ёндон дарга нар Удирдах зөвлөлийн гишүүд байв. Л.Түдэв гуай зөвхөн Үндсэн хуулийг төдийгүй шинэчлэлийн уур амьсгалыг Монголд оруулж ирэхэд, цаашид аятайхан замаар өрнүүлэхэд “Үнэн” сониноороо дамжуулж их юм хийсэн гэж хүндэтгэж явдаг.

Ардчилсан хүчний нөхдүүдтэйгээ сайхан ярилцаад, “Ер нь Ардын Их Хурлын сонгуулийг явуулах хэрэгтэй. Сонгуулиа явуулаад АИХ-аа шинэчлэн байгуулчихъя. Тэгээд улсынхаа хөгжлийн үндсэн бичиг баримт болох Үндсэн хуулиа шинэчилж өөрчилье” гэсэн ийм тохироонд хүрээд энэ аянд мордоцгоосон. УИХ-ын сонгууль ч болсон. Дараагаар нь Улсын Бага Хурлаа ч байгуулсан. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламентыг тэр үед бий болгсон юм. Гүнзгий аваад үзэхэд энэ чинь бүр Богд хаант Монгол Улсын үед байсан юм билээ. Тэгээд Үндсэн хуулийг судалж, боловсруулж, оруулж ир гэсэн үүргийг авсан УБХ маань маш сайн ажилласан. Гадна дотны зөвлөхүүд ч оролцсон байх.

-Яагаад “Үндсэн хууль” гэдэг нэрийг оноож өгсөн юм бол?

-Б.Чимид гуай нарын томчууд маань Үндсэн хуульт цаазат төрийнхөө түүхийг судалцгаасан юм билээ. Тэгээд ч “эцэг” хуульдаа “Их засаг” гэсэн нэр өгөх тухай хэлэлцүүлж байв. Мань мэтээс өгсүүлээд хуучин талыг баримталдаг, одоогийн мөрдөж байгаадаа дасчихсан тийм хүмүүс голлож байсан болохоор “Үндсэн хууль” гэдэг нэрээрээ явсан л даа. Үндсэн хуулийн хууль зүйн бичиг баримтыг боловсруулахад Б.Чимид гуай, Р.Гончигдорж, Л.Лүндээжанцан нар гол үүрэгтэй байв. Бас УИХ-ын гишүүн байсан С.Төмөр гээд их сүрхий хүн байсан даа. Энэ хэд маань л хууль зүйн бичиг баримтыг чамбайруулж хэлэлцүүлсэн юм шүү дээ. Урьдчилсан төслийг аймгуудын намын хороодоор нэлээд хэлэлцүүлсэн. Тэр үед англи хэл мэддэг хүн тоотой байсан цаг. Орос хэлээрээ дамжуулж л гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байсан. Манай Үндсэн хуулийн том концепцийн шинж чанартай зүйл бол хүний эрхийн тухай асуудал. Энэ бол Үндсэн хуулийн улаан шугамаар диагнальдаж явсан зүйл. Үүрэг нь гүн агуулгаараа давхар холбоотой байх л даа. Иймд эрх, үүргийн харьцаа байх л ёстой. Гэхдээ шинэ Үндсэн хуульд үүргээ орхигдуулаад эрхийг нь түлхүү хийсэн тал бий.

-Өнөөдрөөс 31 жилийн өмнө шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байхад таны хувьд ямар санаа дэвшүүлж байв?

-Би аж ахуйн удирдагч хүн. Төмөр замаасаа сонгогдсон депутат байв. Малчны гэрт төрж, малын захад өссөн юм болохоор газар хувьчлах тухай асуудалд анхаарч байлаа. Өөрийн санаанд орсноо хэлж байсан маань Б.Чимид гуайд тоогдож билээ. Бид бэлчээрийн газрын тухай ярилцаж, санаа оноогоо солилцож байсан шиг санаж байна. Ер нь бэлчээр хувьчлах асуудал миний санаанд огтхон ч багтахгүй байв. О.Дашбалбар маань хоолойныхоо чадлаар эсэргүүцэж байлаа. Өнөөдрийн харьцаанаас харж байхад газар хувийн өмч байх нь зөв юм байна гэж боддог. Би үндэсний үзэл тал руугаа нөхөр болохоор тухайн үед болгоомжлоод байсан хэрэг. Бэлчээрийг хамаагүй хувьчилбал ямар янзтай байх юм бол доо гэсэн бодол толгойд их л эргэлдэж байж билээ. Тэрийгээ Б.Чимид гуайд хэлж, мань хүн их л ойшоож үзэж байсан даа. Үндсэн хуулийг Б.Чимид гуай “Энэ бол гарын алганд багтах эх орон юм” гэж хэлж байсан.

Үндсэн хуулийг хэлэлцэж байсан тэртээх 30 гаруй жилийн өмнө эдийн засгийн харьцааг ярьж байхад “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан үе шүү дээ. Тэгээд “Зам тээвэр” гэдэг үгийг хавчуулъя гэж үзээд санал хураалт явуулсан боловч овоо дэмжлэг авсан хэрнээ 50 хувьдаа хүрч чадалгүй унаж байв. Ер нь салбарыг онцолж дурдсан асуудал Үндсэн хуульд байхгүй л дээ. “Зам тээвэр” гэдэг санаа нь өөрөө энэ өргөн уудам нутагт үнэхээр хамгийн чухал. Энийгээ л дөмөгхөн хөгжүүлж чадах юм бол улсын эдийн засаг үүн дээрээ сүндэрлэн босч чадна гэсэн логикийн үүднээс л дээрх санааг дэвшүүлж байснаа санаж байна.

-Сэтгэл зовниж байсан асуудал байв уу?

-Иргэн хүн оршин суух газраа өөрөө тодорхойлно гэж Үндсэн хуульд ёстой “Яана даа” гэдэг бодолд дарагдаж байв. Анх Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай дэвшүүлж байсан. Замын-Үүдийг өртөө байдлаар нь ойлгох биш улсын хөгжлийн фонон дээр ойлгох ёстой. Гэтэл Замын-Үүд маань хоёр дахь Улаанбаатар болсон. Хөгжлийн хувьд Эрээнээс дутмаг ч тэр үеэ бодвол Замын-Үүд сайхан болсон. Өөр нэг асуудал гэвэл салбарын шүүхүүдийг дэвсгэр нутгийн харьяалалд нь өгнө гэсэн концепци гараад шийдсэн. Уг нь Төмөр замын шүүх шиг салбарын тусгай шүүх байх хэрэгтэй гэж би ойлгож байсан. Ялануяа төмөр зам гэдэг бол олон улсын ачаа бараа зөөдөг болохоор тэр талаар ямар нэгэн маргаантай асуудал үүслээ гэхэд сумын шүүх яаж мэдэх юм бэ. Энэ бол олон улсын дүрэм журам, дэгтэй эрх зүйн харьцааны нарийн ойлголт. Тэрийг төмөр замын шүүх л гадарлана уу гэхээс малын хулгайн тухай ярьдаг хөдөөгийн шүүх мэдэхгүй. Ингэж нэлээд ярьсан боловч бас л бүтээгүй дээ. Хэлэлцүүлгийн сүүл тал руу орон нутгийн бүлгийг хэлэлцэж байхад тухайн үед Дорноговь аймгийн дарга Мижид гэж хүн “Одоогийнхоо энэ загвараар төрийн эрх барих дээд байгууллагаа авч явмаар байна” гэж их ярьж байсан. Түүний санаа олон депутатад таалагдаж байв. Эндээс хоёр танхимтай парламент байх нь зөв. Дээд танхим нь АИХ маягай. Доод танхим нь УБХ буюу мэргэжлийн тал руугаа хууль боловсруулдаг байя гэж үзэж байв. Энэ бол олон улсын сонгодог парламентын жишиг. Үүнийг би зөв гэж одоо хүртэл боддог. Нэгэнт дээд танхим гээд байгуулчих юм бол Үндсэн хуулийн төрийн тогтолцооны тэр хэсэг орвонгоороо эргэнэ гэсэн тийм юм болоод явчих байх л даа. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө гишүүдийн тоог нь жаахан нэмчихье гэдэг байдлаар биш бүр том өөрчлөлт рүү гулсаад орох болов уу даа. Ухаантай олон түмэн хэлэлцээд нэг талдаа шийдлээ гаргах байх гэж харж байна.

-Та түрүүн Үндсэн хуульд үүргийг дутуудуулсан гэж хэлсэн. Нийгэм өөрөө хариуцлагын тогтолцоог нэхдэг шүү дээ?

-Ардын хянан шалгах хорооны дарга Молом гуай Хороогоо хэвээр үлдээх гэж мөн ч их үзэж билээ. Үнэндээ ганцаардсан. 200 гаруй нэгдлийн дарга нарын дунд чинь хяналтад дуртай хүн гэж байхгүй. Шалгалтгүй л явахыг хичээнэ. Үндсэн хуулийн төсөл нь ардын хяналтгүй орж ирсэн. Тэр чигээрээ ногоон гэрлээр явчихсанд нь би ч бас харамсдаг. Хэрэв ардын хяналт байсан бол өмч хувьчлал, өнөөдрийн эмх цэгцгүй, замбараагүй асуудлууд гарахгүй байх магадлалтай. Ер нь олон түмний хяналт гэдэг манай улсад үнэхээр ус агаар шиг дутагдаж байна. Харин сүүлийн үед сошиал гарч ирээд, залуусын дуу хоолой сүрхий болж, болохгүй бүтэхгүй асуудлууд яригдаж байгаа нь сайн хэрэг. Залуучууд улс орныхоо маргаашид сэтгэл зовж, яаж амьдрахаа бодно шүү дээ. Тэдний зөв. Гэхдээ ардын хяналт байхгүй болсон нь тоогүй. Тэр үед прокурорын ерөнхий хяналтыг хүртэл авчихсан шүү дээ. Ерөнхий прокурор өөрөө ирээд “Ерөнхий хяналт хэрэггүй” гэж хэлэхэд нь би гайхаж байв. Тийм болохоор үүрэг, хариуцлага гэдгээс бүрэн ангижирсан л даа. Хяналт байхгүйгээр өмч хувьчлал руу гулсаж орсон. Энэ нь өмч хувьчлал дээр нугалаа гарах үндэс суурь болсон. Үндсэн хуулийг бүхэлд нь аваад үзэх юм бол дэлхий нийтийн жишиг, өндөр хөгжилтэй орнуудад баримталдаг зарчимд тулгуурласан нь үнэхээр сайн. Гэвч нөгөө талд Үндсэн хуулиас гарсан салбар хуулиуд нь цоорхой ихтэй, олигтой болоогүй. Тийм болохоор өнөөдөр Монгол орон улс төрийн хямралтай, эдийн засгийн гүнзгий хямралтай, нийгмийн ядуурал их, баян хоосны ялгаа тамтаггүй болсон. Ийм үед бид сайхан гэж яриад алга ташаад суугаад байж бас болохгүй л дээ.

-Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт хийх тухай идэвхтэй ярьж байгаа. Юуг анхаараасай гэж боддог вэ?

-Өөрчлөх нь зөв. Одоогийн Үндсэн хууль гурван сар, гурван жил ч биш, 31 жил боллоо. Ерөөсөө олон нийтийн хяналт улсад ч, байгууллагад ч байх хэрэгтэй байна. Энэ бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага биш шүү. Олноороо хэлэлцэж шийддэг зарчим руу явах ёстой.

-Төрийн хулгай хэрээс хэтэрлээ. Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхэнд Үндсэн хууль буруутай мэтээр ярьж байна. Хамгийн сүүлд гэхэд таны удирдаж байсан төмөр замын салбарын хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ. Энэ юу болоод байгаа юм бэ. Тийм мөнгөний үүр уурхай болчихсон газар юм уу?

-“Гүзээгээ шороодно” гэдэг энэ л дээ. Төмөр зам бол Монголын үлгэр жишээ том байгууллага. Улсын нэртэй хамт олон. Өдийд ингэж муухай хэлүүлж байх газар биш. Энэ асуудал ган замчдын дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байгаа, бүр жигшиж байна. Тэр нэг хэлтсийн дарга л байх. Дээрээсээ дэмждэг барьдаг гээд үнэн худлыг нь мэдэхгүй байна. Олны яриа ортой ч байж мэднэ. Юм болгоныг зоосны нүдээр харж болохгүй. Ер нь “цайсан даалууч” шиг юм болж байна шүү дээ. Даалуу тоглож байхдаа доголон ширээний дор хүүхдээ ивдэг, мөнгө олохын төлөө дон шүглэсэн хүнийг ингэж хэлдэг юм. Ийм муухай улайрна гэж байх уу. Тэр сейфэнд ярайгаад байгаа мөнгө чинь төмөр замын бодит орлого биш нь биш л дээ. Гагцхүү цөөхөн вагоныг ачихын тулд оочер дайруулаад дундаас нь гардаг дамын наймаа юм билээ. Вагон худалдаж, дундаас нь гарч ирсэн хахууль. Яг бодит орлогыг хулгайлсан юм хараахан биш. Гэхдээ бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр зөндөө ажил бодох хэрэгтэй л дээ. Ер нь бол онгорхой хаа сайгүй байна. Зөв нөхөөс тавихгүй л бол буруу юм шүглээд байна. Шударга бусыг цэцэглүүлж байна шүү дээ. Бас л зүйлийг нэмж хэлэхэд, бүх юмыг цахим гэдэг боллоо. Энэ зөв нь зөв л дөө. Гэхдээ бидэнд бодит юм, амьд яриа харилцан ойлголцол хэрэгтэй.

-Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд өнөөгийн нийгмийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Зарим үед гутармаар ч юм шиг санагддагаа нуугаад яахав. Үндсэн хууль тунхагийн бичиг баримт. Гэхдээ хүзүүндээ зүүж явдаг сахиус биш. Сайхан ирээдүйг жирийтэл бичиж баталсан ч гэсэн тэрийг хэрэгжүүлэх тал дээр муухай алдаанууд гаргалаа л даа. Иймээс Үндсэн хуулийг зүхэхээс илүү өнөөдөр хэрэгжүүлж байгаа механизм нь юу билээ гэдгийг бодох хэрэгтэй. УИХ хууль гаргаад орхидог биш. Тэрийгээ хянадаг, шалгадаг байх ёстой. Харин намын дарга, Ерөнхий сайд хүүг овоо доо, зоригтой дуугарч, шийдэмгий ажиллаж байна даа гэж бодож байгаа. Аргагүй цаг үеийн шаардлага байлгүй дээ.

Эх сурвалж: "Өдрийн" сонин.  2023.01.13 № 009 (7129)

Сэтгүүлч М.Мөнхцэцэг

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл