Цэс

Холбоо барих

ТБХ:Төрийн аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

   Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.21/ хуралдаан 10 цаг 24 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Төрийн аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох дүн шинжилгээ хийж, 2024 онд хэрэгжүүлж болох төрийн аудитын бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлсныг онцлон тэмдэглээд үүндээ аудитын шийдвэрийн хэрэгжилт, төрийн аудитын байгууллагын хараат бус байдалд итгэх иргэдийн итгэл, төрийн аудитын байгууллагын чадамжийн үнэлгээг тус тус нэмэгдүүлэхээр тусгасныг дурдав.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10-т нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичгийн шаардлагын дагуу Төрийн аудитын байгууллагын 2024 оны төлөвлөгөөний төсөлд гурван тэргүүлэх чиглэл, найман үндсэн үйл ажиллагаа, 10 арга хэмжээ, нэг төсөлд нийтдээ 38.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэв.

Санхүүжилт өмнөх оноос 9,337.1 сая төгрөгөөр өсөхөд дараах зардлууд голлох нөлөө үзүүлсэн. Үүнд:Төрийн албан хаагчдын цалин хөлсний шинэчлэлтэй уялдуулан тооцоолсон дүнгээр цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал (Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл нийт дүн 7,242.5 сая төгрөг, хичээл үйлдвэрлэлий дадлага хийх буюу албан хаагчдын чадамжийг дээшлүүлэхэд 789.1 сая төгрөг, мэдээллийн технологийн үйлчилгээний зардал буюу төрийн аудитын байгууллагын мэдээллийн ил тод байдлын цахим шилжилтийг сайжруулахад 214.5 сая төгрөг, урсгал шилжүүлэг 512.7 сая төгрөгөөр) тус тус өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Монгол Улсын Ерөнхий Аудитор танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд үг хэлсний дараа "Үндэсний аудитын байгууллагын 2024 оны төсвийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Засгийн  газраас  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахгүй гэсэн шалтгааныг тодруулсан.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, "Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн дараа Тайлбар: Энэ хуулийн үйлдвэрлэх гэдэгт нийслэл Улаанбаатар хотод түүхий нүүрс болон стандартын шаардлага хангаагүй түлшийг ашиглах тохиолдолд энэ заалт хамаарахгүй” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналыг Д.Өнөрболор гишүүн гаргасан байна. Уг хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулга бүхий 22.5.14 дэх заалт нэмсүгэй гээд 1/22 дугаар зүйлийн 22.5.14 дэх заалт  нь Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.” гэж тусгасныг дурдав. Мөн тэрбээр, бид энэ удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа төслийг хэлэлцэж буй учир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40.3.7-д “Хуулийн төслийн заалтын үг, өгүүлбэрийн дараа бие даасан агуулга бүхий үг, өгүүлбэр нэмэх”-ийг хориглохоор заасныг танилцуулсан. Тиймээс гишүүний гаргаж буй санал нь бие даасан агуулга бүхий үг, өгүүлбэр нэмж байгаа тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах боломжгүй хэмээн тайлбарлав. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хуулийн төслийг бодлого, агуулгын хувьд дэмжиж байгаа ч хот, хөдөөгийн хувьд ялгамжтай, шинжлэх ухаанчаар хандсан судалгаатай төсөл оруулж ирэх шаардлагатай байгааг мэдэгдээд төсөл санаачлагчид нь буцаах горимын санал гаргав. Уг горимын саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Засгийн  газраас  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хороо төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үндсэн хуулийн цэцийн 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ

Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан хянан шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн цэцийн тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн оролцсон байна.

Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг тус тус зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн байна.

Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргажээ.

Иймд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ул суурьтай судалж, зөв мэдээлэл дүгнэлттэй болох нь зүйтэй тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд энэ асуудалд томоохон шинжээчдийг томилон ажиллуулж, нэгдсэн дүгнэлт гаргах шаардлагатайг дурдаад хэлэлцүүлгийг хойшлуулах  саналтай байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, жижиг эдийн засгийн бизнес орчинг дэмжих шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг тул татварын хуулиар аль нэг талд давуу байдал үүсгэж, өрсөлдөөнийг боомилохыг зарчмын хувьд буруу гэж үзэж байгаагаа мэдэгдээд цэцийн шийдвэрийг хүлээн аваад салбарын яам болон холбогдох хяналтын байгууллагууд нь стандартаа тогтоогоод мөрддөг байх нь чухал гэж байлаа.  

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж цэцийн дүгнэлт нь миний өргөн барьсан хуультай холбоотой тул уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авах санал гаргаж буйгаа мэдэгдэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82.2.1-т “82.2.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах” гэж заасныг дурдаад Байнгын хорооны даргын хувиар гишүүдээс гаргасан саналыг харгалзан нэг хоногийн завсарлага өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл