Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.03/ хуралдаан ирвэл зохих 29 гишүүнээс 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Ганбаатар, Х.Ганхуяг, С.Лүндэг, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Р.Сэддорж, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирснээр 16 цаг 45 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, тус Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын ИХ Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, С.Замира, С.Лүндэг, Н.Наранбаатар, Р.Сэддорж нар ажилласныг дурдлаа.
Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх баг есөн удаа хуралдаж, уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх нийт 26 зарчмын зөрүүтэй санал, Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан бэлтгэснийг онцлов.
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд бүтцийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц зах зээлийн эргэлтэд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх,
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүний нөөцийн бодлого, судалгаа, хөгжлийг төлөвшүүлэх,
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээг бий болгох,
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх төрийн бодлогын удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож бүртгэл хяналтын нэгдсэн цахим систем бий болгох харилцааг зохицуулах,
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн төрийн дэмжлэг олгох,
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц, ашиглалт, бүтээмжид дүн шинжилгээ хийх түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилт хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулагчид зарчмын шинж чанартай зохицуулалтуудыг тусгасан гэж байв.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх 26 зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг болоод байгаа бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэж, ган, зуд, үер, шороон шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж эрс өсөж байгааг сайд танилцуулгадаа онцлоод 2023-2024 онд зудын улмаас 9.1 сая толгой мал хорогдож, эдийн засагт 2.8 их наяд төгрөгийн хохирол учирсан нь уур амьсгалын өөрчлөлтнь байгаль орчны төдийгүй эдийн засаг, хүн амын амьжиргаа, үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг харуулж байна гэв.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэвч өнөөг хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой харилцааг салангид бодлого, салбарын хуулиудаар зохицуулж ирсэн бөгөөд нэгдсэн суурь эрх зүйн орчин дутмаг байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.
Энэхүү хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг нэгдсэн тогтолцоонд оруулах, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 эх орондоо зохион байгуулах гэж буй энэ цаг үед уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн асуудлаарх үндэсний манлайллаа бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах эрх зүйн суурийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж С.Амарсайхан сайд танилцуулгадаа тодотголоо.
Хуулийн төсөл батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн засаглал, салбар дундын зохицуулалт сайжирч, олон улсын санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэх, орон нутгийн дасан зохицох чадавх бэхжих, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Үндэсний зохицуулагч байгууллагын үр дүнг хэрхэн тооцож буй талаар болон төслийн 23.4 дэх заалтад карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч бүртгэлийн системд бүртгүүлэхтэй холбоотой дөрвөн төрлийн тодорхойлолтод авахаар тусгасанд холбогдох судалгаа хийсэн эсэхийг тодруулсан.
Үндэсний зохицуулагч байгууллага зах зээлийн зохицуулалтыг нэн тэргүүнд хийх бөгөөд энэ нь шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллага биш. Харин Цаг уур, орчны шинжилгээний байгууллага уг бүтцийг авч явна. Ингэснээр төрд ямар нэгэн төсвийн дарамт үүсгэж, орон тоо нэмэхгүй гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хариулав. Мөн энэ байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, тайлагнал карбон зах зээл, санхүүжилт, олон улсын үүргийн хэрэгжилтийг нэгтгэн уялдуулах чиг үүрэгтэй байх юм. Үр дүнд нь хүлэмжийн хийн тайлагналын чанар сайжирч улмаар Үндэсний тодорхойлсон хувь нийгмийн зорилтын хэрэгжилт хангагдана гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Түүнчлэн тэрбээр хуулийн төсөлд туссан дөрвөн төрлийн тодорхойлолтын тухайд Уур амьсгалын өөрчлөлтийн суурь судалгаа, Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, Эмзэг байдлын үнэлгээ, Гарз хохирлын үнэлгээнүүдийг хийхээр байгааг дурдсан. Мөн Үндэсний тодорхойлсон зорилтод нөлөөлөхгүй гэх тодорхойлолтыг гаргаж өгснөөр энэ зах зээлийг тодорхой, давхардсан бүртгэлгүй болгож байгаа юм гэж байлаа.
Эцэст нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English