Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 33 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Улс төрийн намын тухай/Шинэчилсэн найруулга/, Улс төрийн намын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Улс төрийн намын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд: Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл байх; -нам нь намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагатай байх; -намууд гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй байх, цомхон гишүүнтэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс намын гишүүдээс дэмжигч (татвар төлдөггүй)-ийг салгасан бөгөөд нам нь намын гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигчтэй байх; -намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үүрэг бүхий бодлогын судалгааны байгууллага намын дэргэд ажиллана. Намын бодлогын судалгааны байгууллага нь сангийн хэлбэртэй байж болох бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн тайланг энэ хуульд заасан журмын дагуу тайлагнах; -нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болох бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлэх; -намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэхэд чиглэсэн нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан. Тухайлбал, нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо нууц санал хураалт явуулах, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, цөөнхийн саналыг хэлэлцэх боломж олгож хүндэтгэн үзэх бөгөөд тодорхой асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх, түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ёс зүйн шаардлага болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэх; -нам нь намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тайван жагсаал, цуглааныг хуулийн хүрээнд санаачлан зохион байгуулах, намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох, сонгуульд оролцох, бусад намтай эвсэл байгуулах, олон улсын байгууллага, бусад орны нам, байгууллагуудтай хамтран ажиллах, улс төрийн намуудын олон улсын байгууллагад гишүүнээр элсэх зэрэг эрхтэй; -намын дотоод ардчиллыг хангах хүрээнд намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн 30-аас доошгүй хувийн төлөөллийг нэр дэвшүүлэх бөгөөд гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангасны үндсэн дээр бүрэлдэхүүнийг нууц санал хураалтаар сонгох; -нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгийн төлөөлөл, оролцоог хангах; намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байх; -нам өөрийн дүрэм, хөтөлбөр, бусад журам, санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг ил тод, нээлттэй байлгаж, нийтэд тогтмол мэдээлэх, сонирхогч этгээдийг мэдээлэл авах боломжоор хангах; -нам цахим хуралдаан, санал хураалтыг зохион байгуулахдаа цахим системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах боломжит арга хэмжээг авах бөгөөд нууц санал хураалтыг цахимаар явуулсан тохиолдолд түүний нууцлалыг алдагдуулахгүй. Нам нийтэд зарласан цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягтай бол тэдгээрийг Харилцаа холбооны зохицуулах хороо, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ. Нам цахим хуудсандаа холбогдох баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчлэх; -Улсын дээд шүүх намын бүртгэлийн асуудлыг хариуцах бөгөөд бүртгэлтэй холбогдох маягтыг батална. Түүнчлэн нам бүртгүүлэх хүсэлтээ хуульд заасны дагуу 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх бөгөөд Улсын дээд шүүх намын бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор нягтлан шалгана. Мөн Улсын дээд шүүх намыг идэвхгүйд тооцох, тараах, татан буулгах шийдвэрийг гаргах; -нам жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэнэ. Намд олгох төрийн санхүүжилтэд төрийн аудитын байгууллага аудит заавал хийхээр хуульчилсан. Тайланг нам, сонгуулийн төв байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулах; -Улсын Их Хурлын сонгуулийн дараа нам төрөөс санхүүжилт авах хүсэлтээ сонгуулийн төв байгууллагад гаргана. Сонгуулийн төв байгууллага уг хүсэлтийг хянаж үзээд дараа оны улсын төсөвт суулгаж, хуваарилах зэрэг.

Мөн нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх юм байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай төсвийг шийдвэрлэх, холбогдох журам батлахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд тус тус даалгасан байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ыг, 2 дугаар хавсралтаар Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам-ыг  тус тус баталсан ба Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам-ын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах бол “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам-ын зорилго нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад  тус тус орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл