Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 34 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бөгөөд Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх буюу мажоритар аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорционал аргаар сонгохоор тусгалаа. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байхаар зохицуулсан.

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох зохицуулалттай холбогдуулан Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, гадаад улсад байгаа сонгогч санал өгөхтэй холбогдох журам, хугацааг хуульд тусган баталлаа. Ингэснээр хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгоход гадаад улсад байгаа санал өгөх эрх бүхий иргэдийн санал өгөх боломж бүрдлээ. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төв болон салбар комисс байгуулагдан ажиллах бөгөөд төв болон салбар комиссын чиг үүргийг хуульд тодорхой тусгалаа.

Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэнэ. Мөн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар хуульд тусгагдсан. Түүнчлэн нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах ба намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалт нэмж тусгагдлаа.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар ашиглахаар хуульд тусгаж, тухайн самбарыг сум болон хороонд байрлуулах тоо, самбарт зурагт хуудас байрлуулах дараалал болон бусад шаардлагыг тогтоож өгсөн болно.

Сонгуулийн дүн гаргах, нам, эвсэлд суудал хуваарилахтай холбоотой дараах зохицуулалт тусгагдлаа: -Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг гаргахдаа тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж, хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно. -Жагсаалтаар нэр дэвшигчийн санал хураалтын дүнг гаргахдаа Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргаж, шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцох бөгөөд ийнхүү гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана. Тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг тус хуульд заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилахаар хуульд заасан болно. -Улсын Их Хурлын сонгуулийн дүнг үндэслэн суудал хуваарилахдаа сонгуулийн тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх шаардлагыг хуульд тусгалаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж, Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор өөрчилсөн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай, Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан сонгуулийн зардлын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах, сонгуулийн холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Харин  Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан байна.

Мөн дугаарт Журам шинэчлэн батлах тухай, Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам шинэчлэн батлах тухай, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд нийтлэгдсэн байна. Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ыг шинэчлэн баталжээ. Харин Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам нь Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах юм байна. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм, журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн дүрэм-ийг, 2 дугаар хавсралтаар “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүрдүүлэх, зарцуулах журам-ыг тус тус баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл