Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар,” гэсний дараа “А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар,” гэж нэмсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн ба тус зарлигуудаар Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сумдын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол Цамбын Эрдэнэзууг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

Мөн тус дугаарт Техникийн зохицуулалт батлах тухай, Журам батлах, үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаарыг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ыг баталсан бөгөөд энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь барилга байгууламж (объект)-ийн галын аюулгүй байдлын үндсэн шаардлага, техникийн үзүүлэлтийг тогтоох юм. Журам батлах, үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах, бүртгэлийг цуцлах, далбааны эзэн улсын хяналт тавихтай холбоотой үйлчилгээний төлбөрийн хэмжээний доод хязгаар”-ыг тус тус баталжээ. “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам” -ын зорилго нь Монгол Улсын олон улсын гэрээ, Далай ашиглах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх, бүртгэлийн хүчинтэй хугацааг сунгах, бүртгэлээс хасах, бүртгэлийг цуцлах болон далайчны чадамжийн гэрчилгээг хүлээн зөвшөөрч, баталгаажуулахтай холбоотой харилцааг зохицуулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл