Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 46 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар тогтоосон бол Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Төв” хэсгийг “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Төв” гэж, “Тэргүүн түшмэл” ангиллын “АА-1” зэрэглэлийн “Ажлын албаны дарга” гэснийг “Мэдээллийн технологийн төвийн захирал” гэж, “АА-2” зэрэглэлийн “Мэдээллийн технологийн төвийн захирал” гэснийг “Газар, Төвийн дарга” гэж тус тус өөрчилсөн. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 80 дугаар тогтоолыг үндэслэн Хишгээгийн Нямбаатарыг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниудын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн бол Төрийн болон орон нутгийн өмчит зарим компаниудын асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг нэмжээ. Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг сонгож, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгаланг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэдэндамбын Цэрэнпунцагийг  тус тус улируулан сонгож, Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Жаргалсайханы Хунанг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын тогтоолоор Дамдины Энхбатыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Дугарын Сүнжидийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилжээ. Мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сэсээрийн Золжаргалыг томилсон. 

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт батлах тухай, Журам батлах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай, Жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг баталсан байна. Тухайлбал, Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт  батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтийг”, 2 дугаар хавсралтаар “Барилга, хот байгуулалтын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 3 дугаар хавсралтаар  “Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”,  4 дүгээр хавсралтаар “Зам, тээврийн хөгжлийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг, 5 дугаар хавсралтаар “Соёлын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 6 дугаар хавсралтаар “Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 7 дугаар хавсралтаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 8 дугаар хавсралтаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 9 дүгээр хавсралтаар “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 10 дугаар хавсралтаар “Эрүүл мэндийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг, 11 дүгээр хавсралтаар “Эрчим хүчний салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг”, 12 дугаар хавсралтаар  “Стандарт, хэмжил зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг” тус тус баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам”-ыг баталсан ба энэ журмыг Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцаанд баримтална. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив батлах тухай Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн”-ийг, 2 дугаар хавсралтаар  “Төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээ”-г, 3 дугаар хавсралтаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын хувьсах зардлын итгэлцүүр”-ийг тус тус баталжээ. Харин Жагсаалт шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл