Цэс

Холбоо барих

ХХНББХ: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.28) хуралдаан 13 цаг 28 минутад гишүүдийн 56.7 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга П.Ганзориг гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 30 гишүүнээс Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Х.Болормаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Д.Ганмаа, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Түвшин, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нарын хүрэлцэн ирснээр хуралдаан эхэллээ.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцуулсан юм.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн санал чиглэл өгсөн бөгөөд ажлын хэсгээс тэдгээрийг гүйцээн боловсруулсан болохыг Б.Баярбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлж нэмж тусган, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.



Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Энхнасан, Б.Бейсен нар асуулт асууж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.


Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хуралдаанд танилцууллаа. Төслөөр нэн тэргүүнд нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт, арга зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгон нэгтгэж буйгаараа онцлог гэдгийг тэмдэглэсэн. Учир нь олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх зэрэг баримт бичгүүдэд нийгмийн ажлын үйлчилгээг иргэдэд хүргэх, амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон заалтууд туссан байдаг. Тэр бүх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явцыг тодотгох шаардлагатай болоод байгааг төсөл санаачлагч танилцуулав.


Өнөөдөр буюу 2026 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал, хууль зүйн салбарт нийтдээ 3000 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа аж. Тэдгээрийн 60 гаруй хувь нь өөр мэргэжлийн хүмүүс, 80 хувь нь төрийн албан хаагч юм байна. Ажиллаж буй салбараасаа шалтгаалан төрийн албан тушаалын ангилал өөр учраас цалин хөлс, нийгмийн баталгаа, үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн хувьд ахих, дэвших үйлчилгээний чанар, үр дүн, түүнийг үнэлэх үнэлэмж, үнэ цэн нь харилцан адилгүй, ялгаатай байгаа гэдгийг танилцуулсан.


2025 оны нэгдүгээр сараас сум, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог Засгийн газраас тогтоогоод 770 албан хаагч ТҮМ 4 ангилал зэрэглэлээр ажиллаж, 1.3 сая төгрөгөөр цалинжиж байгаа гэлээ. Харин өнөөдөр ч нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлага байсаар байгаа. Энэ салбарт буюу  хөдөлмөрийн хэлтэст ажиллах нийгмийн ажилтнуудын цалингийн зэрэглэл нь ТЗ 8, 9 гээд нөгөө цалингийн зэрэглэл нь бусад салбараас 60 хувь, тухайн салбарынхаа дунджаас 60 хувь бага байдаг гэв. Цалин бага, хийж байгаа ажил, гүйцэтгэлийн тайлан харилцан адилгүйгээс хамаараад энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын ажиллах дундаж хугацаа 3 жил байгаа гэх судалгааг дурдав. Хуулийн төсөлд Үндэсний хороо болон Нийгмийн ажлын мэргэжилтний холбоог байгуулаад, Засгийн газар, мэргэжлийн холбоо нь Үндэсний хороо гэдэг бүтцээр дамжуулах эдгээр асуудлуудыг зөвшилцөх зохион байгуулалтыг зураглаж, тусгасан  байна. Төслийн анхны хувилбарыг анх 2023 онд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд танилцуулж, сайжруулсаар ирснийг О.Саранчулуун гишүүн тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн тэрбээр нийгмийн ажлын үйлчилгээний талаарх тоо баримтыг танилцуулсан юм.


Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 13 хуулийн 162 заалт, 20 гаруй журмаар нийгмийн ажлын үйлчилгээг зохицуулдаг байна. Нийгмийн хамгаалал, халамжийн нийт үйлчилгээний 80 гаруй хувь нь мөнгөн хэлбэртэй тусламж, дэмжлэг байдаг аж. Эдгээр үйлчилгээг нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүргэдэг байна.  Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа, стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, цэгцлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан.

Хуулийн төслийн 6-18 дугаар зүйлд нийгмийн ажлын талаарх ойлголт, нэр томьёог нэлээн сайн тодорхойлж өгсөн болохоо онцолсон. Ингэснээр бусад хууль дахь нийгмийн ажлын үйлчилгээний тодорхойлолт илүү тодорхой болох ач холбогдолтойг мөн дурдаж байв. Үүний зэрэгцээ нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг цэгцтэй болгох зохицуулалтуудыг тусгасан хэмээлээ.



Монгол Улс халамжийн үйлчилгээнд жилд 480 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогын хүрээнд хүний амьдралд тохиолдсон тодорхой хэмжээний өөрчлөлтөөс эргэж хэвийн амьдралын хэмнэлд шилжихийн тулд сэтгэл зүй болоод нийгмийн хувьд сэргээх дэмжлэг, туслалцааг мэргэжлийн хүнээс авах авах шаардлагатай байдаг. Харин өнөөдөр энэ бүх хэрэгцээ хангагдахгүй байгаа гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. Төсөл дэх онцлох зохицуулалтын нэг нь салбар дундын уялдааг хангах мэдээллийн сан болохыг тайлбарлав.  Үргэлжлүүлэн О.Саранчулуун гишүүн улсын төсөвт эзлэх ачааллын тооцооллыг танилцуулсан.  Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу шинэчилснээр улсын төсөвт эхний удаа 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгах шаардлагатай байгаа аж.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох дүгнэлтийг танилцуулсан юм.

Монгол Улсын хүн ам 2024 оны тооллогоор 3.544.800 хүрсэн бөгөөд хүн амын бүтэц нийгмийн хэрэглээний өөрчлөлт нь нийгмийн хамгааллын үйлчилгээний ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа аж. Хүн амын бүлгээр авч үзвэл нийт хүн амын 36.2 хувийг 0-17 насны хүүхэд, 11.5 хувийг ахмад настан, 3.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус эзэлж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд хотжилт, шилжин суурьшлын тоо эрс нэмэгдэж, нийслэл хотын хүн ам 1.8 сая, нийт өрхийн 69.3 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн, эдийн засаг, нийгмийн байдал идэвхжихийн хэрээр иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хамгаалал анхаарал онцгой шаардлагатай иргэдийн амьдралын чанарт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байгааг салбарын сайд Засгийн газрын дүгнэлтэд дурдсаныг танилцуулав. Нийгмийн эдгээр өөрчлөлтийг эрсдэл багатай даван туулах, хамгаалал шаардлагатай хүүхэд, иргэдийн амьдралын сайн сайхан байдлыг дэмжих, хувь хүний чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, сэргээн засах болон дахин эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хүүхэд, гэр бүлийн хамгааллын салбарын статистик мэдээллээс үзэхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, хамгаалал шаардлагатай хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа боловч үйлчилгээний хүрэлцээ хүртээмж сул байгаа аж. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага жил бүр 10.000 дээш бүртгэгддэг ч хохирогчид үзүүлэх урт хугацааны нийгмийн ажлын үйлчилгээ хангалтгүй байсаар байгаа юм байна. Монгол Улсад нийгмийн ажлын чиглэлээр их, дээд сургуульд суралцан төгсөгчдийн тоо 6000 гаруй хэдий ч одоо ажиллаж байгаа 5000 орчим нийгмийн ажилтны ердөө 40 орчим хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтан байгаа гэдгийг тус дүгнэлтэд дурдсан байв. Олон улсын туршлагаас харахад нэг нийгмийн ажилтан ногдох хүн амын тоо 1000-1500 байхаар тогтоогдсон бол манай улсад 2-3 дахин өндөр буюу нэг нийгмийн ажилтанд 3000-5000 иргэн ногддог байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар нийгмийн ажлын үйлчилгээ сайн хөгжсөн улс орнуудад хүүхэд хамгааллын эрсдэл 20-40 хувиар буурдаг, Дэлхийн банкны тайланд дурдсанаар нийгмийн ажлын үйлчилгээ нь халамжийн зардлыг 10-20 хувиар бууруулах боломжтойг судлан тогтоосон. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсад анх удаа Нийгмийн ажлын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн нь нийгмийн хамгааллын салбарт шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж буйг Т.Аубакир сайд танилцуулсан.


Нэн тэргүүнд нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагааг хуульчлан, стандарт, ёс зүйн хариуцлагын зохицуулалтыг бий болгох, удаад нь нийгмийн ажилтны мэргэжлийн зэрэглэл сурч хөгжих, мэргэших, карьер ахих боломжийг сайжруулж, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг тодорхой болгож хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой байх болно хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн салбар бүрийн нийгмийн ажилтны, ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтны ажлын ачааллыг тэнцвэржүүлж, хүн амд ногдох нормативыг тогтоох зэрэг эрх зүйн үндсийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Нийгмийн ажлын үйлчилгээний төрөл зохион байгуулалтыг тодорхой болгосноор төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийг өргөжүүлэх боломжтой хэмээн Засгийн газар үзсэн байна. Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж, үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан хяналт үнэлгээний тогтолцоог бий болж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх олон талын ач холбогдолтой хэмээн Засгийн газрын дүгнэлтэд дурджээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний хамрах хүрээ нэмэгдэж эрсдэлт бүлгийн иргэдэд хүртээмжтэй, чанартай мэргэжлийн үйлчилгээг хүргэх, урьдчилан сэргийлэх, шуурхай тусламж үзүүлэх, эрсдэлийг эрт илрүүлэх тогтолцоог бэхжих төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийгмийн ажлын оролцоо системтэйгээр хангагдана гэснийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, П.Наранбаяр, Д.Бум-Очир, Л.Энхнасан, Ж.Чинбүрэн, Ж.Галбадрах, Г.Хосбаяр нар асуулт асууж, О.Саранчулуун гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. С.Зулпхар, Х.Болормаа нарын гишүүд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хэлэлцүүлгийн явцад нэлээд нухацтай ажиллах, талуудын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ.





Ийнхүү төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн дараа Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 77.3 хувь буюу 17 гишүүн дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн найман төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ