Цэс

Холбоо барих

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүллээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.04.29/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 9 дүгээр хавсралтаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.


Тэрбээр хэлсэн үгэндээ,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан бөгөөд өнөөдөр салбарын төлөөлөл, олон нийтээр хэлэлцүүлж буйг дурдаад, Байгаль орчин, уур амьсгалын яамнаас боловсруулж буй хуулийн төслийн нэгдсэн бодлоготой давхцуулж ажлын хэсгээс төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг тодотгож байлаа. Мөн тэрбээр ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдийн ахалж буй өргөн мэдүүлэхээр зэхэж байгаа болон Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээрх 14 хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулахын зэрэгцээ ирэх наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаас өмнө салбарын тодорхой хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлуулах зайлшгүй шаардлагатайг онцлов.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийн санал чухал төдийгүй, олон талын оролцоог хангасан дэд ажлын хэсэг байгуулах зорилготой байгааг ажлын хэсгийн ахлагч дурдлаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, байгаль орчны салбар хариуцсан яам, агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 54 хүн оролцсон.

 

Хэлэлцүүлэгт хуульч, судлаач Р.Лхагвабаяр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны үр дүн”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгааны үр дүн”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавилаа.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан бөгөөд хууль батлагдсанаар Хан Хэнтийн нуруу, Хангай нуруу, Монгол Алтайн нуруу, говь, хээрийн экосистемүүдийг улсын тусгай хамгаалалтад авсан. Мөн Хөвсгөл, Увс, Хар ус, Тэрхийн цагаан, Буйр зэрэг томоохон нууруудаас гадна Орхон, Туул, Хэрлэн, Онон зэрэг томоохон голуудын эхийг тусгай хамгаалалтад авсан.  Өөрөөр хэлбэл, уг хууль нь Монгол Улсын экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн бүс бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгуулах, хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг илтгэгч онцолж байлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааны зохицуулалт болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг сайжруулах, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн иргэд хадлан, бэлчээр, ахуйн зориулалтаар мод, байгалийн  бусад дагалт баялаг болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд олон талын оролцоог хангах, хот, суурин орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үүсээд буй газар ашиглалттай холбоотой хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай байгааг илтгэлд дурдсан байлаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутгийн улсын тусгай хамгаалалтад аваад байгаад бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж 2030 гэхэд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл,  Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолд Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээний ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн арга зүйгээр хийж, судалгаанд суурилсан байгаль хамгааллын менежмент хөгжих боломжийг бүрдүүлэх, газар нутгийн хамгааллын менежментэд олон талын оролцоонд тулгуурласан хамтын менежментийн зарчмыг нэвтрүүлж, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг олон улсын жишигт нийцүүлэх  шаардлагатай гэж тусгасан тул хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн гэж байлаа.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд илтгэгч бүлэг нэг бүрээр танилцуулж, шинээр нэмж тусгах зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарлав. Тухайлбал, төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, бусад хууль тогтоомжийн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлж, орхигдсон зохицуулалтуудыг нөхөх асуудлыг шинээр тусгасан байна. Мөн Үндэсний сүлжээ, ангилал, дотоод бүс бүлэгт тусгай хамгаалалттай газар нутгийн болон хуулиар хамгаалагдсан бусад газар нутгийг үндэсний сүлжээнд хамруулах эрх зүйн үндэс бүрдүүлж, шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлж, бүртгэл, мэдээллийн сан, мэдээлэл солилцоо, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зохицуулалтыг тусгаж, дотоод бүсийг бүх ангилалд ойлгомжтой, нийтлэг байдлаар тодорхойлсон гэж байлаа.

Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт нутгийн иргэд хадлан, бэлчээр болон ахуйн зарим хэрэгцээнд зориулж газар ашиглах боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг илүү тодорхой болгосон. Мөн хот, тосгон орчмын шинэ дэглэмээр суурьшлын бүстэй холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх, өмнө бий болсон суурьшлын бүсийг зөвшөөрөх, цаашид тэлэхгүй байх, зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг хангах зэрэг хамгаалалтын горимыг тодорхой болгосон зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн өнөөгийн байдал, шийдэл, үр дүн болон газар ашиглалтай холбоотой зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Хуулийн төсөл батлагдсанаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлж, газар нутгийн хамгааллын үйл ажиллагааны олон талт байдлыг хангаж, хамгааллын тогтолцоо тогтвортой болно. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжлийн томоохон хөтөлбөрүүд, орон нутгийн хөгжил, малчин өрхүүдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болох төдийгүй тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмэр өснө гэж илтгэлд дурдсан байлаа.


Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга О.Мөнхнасан хуулийн төсөлд  газар ашиглах хугацааг 15 хүртэлх жил байхаар тусгасан нь зөв зохицуулалт байсныг тэмдэглээд дэд ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтээ илэрхийлж байлаа. Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан төсөлд газар олголтыг 30 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэхээр тусгасныг дэмжиж байна гээд төсөлд аялал жуулчдлалын салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг дэмжихэд анхаарах шаардлагатай гэж байлаа. Өөрөөр хэлбэл, байгальдаа түшиглэсэн аялал жуулчлалын томоохон хэмжээний цогцолбор барих, олон улсын жишигт хүрсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг төсөлд тусгах хэрэгтэй гэв.


Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч н.Ууганбаяр Зайсан дахь 236 айлын "Хантүшээ" хотхоны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаралгүй 10 гаруй жил өнгөрч буйг дурдаад хуулийн төсөлд газар ашиглах эрхийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллага тодорхой хугацаанд заавал шийдвэр гаргадаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгээс байгаль орчны салбарын хуульд нэгдүгээрт байгаль орчныг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж буйн зэрэгцээ эл салбарыг хөгжүүлж эдийн засгийн харилцаанд чиглүүлэхэд анхаарч буйг тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээ