Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 17 дугаарын тойм

     

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон тус хуулиар баталсан  “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг нийтэлжээ.

Түүнчлэн эмхэтгэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоол болонМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай”, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй байна.” гэсэн болон “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ. Мөн “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцээгүй байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эмхэтгэлд “Хуулийн төсөл буцаах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан байна. “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн Загджавын Мэндсайхан, Нямтайширын Номтойбаяр, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жаргалсайханы Золжаргал, Цагаанхүүгийн Идэрбат, Баатаржавын Мөнхсоёл нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Далайн Батбаяр, Батмөнхийн Батцэцэг, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Саруулсайханы Цэнгүүн, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Цагаанхүүгийн Идэрбат, Чинбатын Номин, Цэндийн Сандаг-Очир, Гончигдоржийн Уянгахишиг, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Жуковын Алдаржавхлан, Загджавын Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайханыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Дамбын Батлут, Бадрахын Найдалаа нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Жуковын Алдаржавхлан, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Пүрэвжавын Ганзориг, Бадрахын Найдалаа нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсөн. Харин УИХ-ын гишүүн Жуковын Алдаржавхлан, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Батын Батбаатар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Далайн Батбаяр, Батмөнхийн Батцэцэг нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Цагаанхүүгийн Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Болдын Жавхлан, Бадрахын Найдалаа, Чинбатын Ундрам, Баттогтохын Чойжилсүрэн, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Хассуурийн Ганхуяг, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Дамбын Батлут, Саруулсайханы Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Пүрэвжавын Ганзориг, Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Жаргалсайханы Золжаргал, Баатаржавын Мөнхсоёл, Загджавын Мэндсайхан, Гончигдоржийн Уянгахишиг,  Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ