“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолууд болон “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ. Тухайлбал, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” тогтоолоор “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “... Улсын дээд шүүх ...”, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн Тамгын газар...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны гишүүнээр баталсан байна. Мөн “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн П.Ганзоригийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Б.Жавхланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар тус тус сонгож, УИХ-ын гишүүн Б.Найдалааг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English