Цэс

Холбоо барих

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.19/ хуралдаан 15 цаг 22 минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батбаяр,  Р.Батболд, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатараас Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын таван гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал  гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.


Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалыг сонгохоор болов

Хуралдааны эхэнд Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

“Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургадугаар сарын 15,16-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг сонгохоор төсөлд тусгасан байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа уг Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. 


Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Дээрх асуудал шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ажлын хэсгийн гишүүдийн олонхыг парламентад суудалтай цөөнхийн бүлэг болон улс төрийн намын гишүүдээс бүрдүүлэх зүйтэйг дурдаад  тогтоолын төсөлд хяналт тавихыг Төсвийн байнгын хороо бус Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болгож өөрчлөх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  

Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.6 хувь нь дэмжлээ.

“Нийслэлийн 2024-2026 онуудын төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгасан байв.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал  дэмжигдлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 05 дугаар сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.


Таван зүйлтэй тус хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг дэмжиж байгаа ч  хуулийн төсөл боловсруулж хэлэлцэх нь зөв гарц мөн эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан ажлын хэсэг гаргаад тухайн төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг биечлэн танилцах нь зүйтэй гэхийн зэрэгцээ төсөл батлагдсанаар ямар үр дүн гарахыг, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн 4 дүгээр зүйлд “Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэдэгт илүү тодорхой хугацаа зааж болох эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт тайлбар авлаа.

Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу  хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.

Энэ удаагийн татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагатай татвар төлөгчдийг дэмждэг, урамшуулдаг татварын тогтолцоог бүрдүүлэхээр зорьсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож байна гэж байлаа.  

Хуулийн төсөл нь татвар, гаалийн байгууллага хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, эрсдэлд орохоос өмнө анхааруулах, зөрчлөө засах боломжийг олгодог болох, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгоход чиглэснийг онцлоод төсөлд оруулсан гол зохицуулалтын талаар танилцуулсан.


Тухайлбал, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлон татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо татвар төлөгч өөрөө засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгоно гэв.

Татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх боломж бүхий зохистой, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан гэлээ.

Мөн татвар төлөгчийг алдаа, зөрчлөө өөрөө арилгах боломжийг бүрдүүлэх зорилгоор татварын тайланг залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчид их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах зорилгоор алдангийн дээд хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээтэй уялдуулан тогтооно. Түүнчлэн, татварын актад гомдол гаргасан тохиолдолд алданги, торгууль нэхэмжлэхгүй, маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа хураах, татварын алба хооронд татварын зорилгоор автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой тухайн үүргийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхойлох, шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, уг мэдээллийг тогтоосон хугацаанд олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр бусад гишүүн оронд хүргүүлэх нарийвчилсан зохицуулалтыг батлах эрхийг холбогдох байгууллага, эрх бүхий этгээдэд олгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.  


Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгчийг алдаа гаргасны дараа хяналт шалгалт хийж акт, торгууль тавих бус, татварын тайланг залруулах хугацааг сунгаж, татварын алба эрсдэлээс урьдчилан сэргийлж, татвар хураалт, татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, чирэгдэл багатай, эрсдэлд суурилсан байдлаар хийж гүйцэтгэх нөхцөл бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн Глобал форумын гишүүн орны хувьд Автоматаар мэдээлэл харилцан солилцох стандартыг хэрэгжүүлэх нэмэлт зохицуулалтуудыг тусгаснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж, татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, дотоодын орлогыг хамгаалах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг үр дүн гарна гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төслийн “63.2. Энэ хуулийн 63.1-д зааснаар татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банкин дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлогын 80 хувиас хэтрэхгүй байна.” гэж тусгахдаа холбогдох судалгаа хийсэн эсэхийг лавлав.


Татварын ерөнхий газрын  дарга Б.Цогтнаран хуулийн төсөлд татварын данс битүүмжлэх ажиллагааг аж ахуйн нэгжийн ирээдүйд орж ирэх орлогынх нь 20 хувийг үлдээхээр тусгасан. Энэ хувь хэмжээг тогтоохдоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар тогтоосон гэв. Мөн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч ажилчдын цалин хөлс олгох, үйл ажиллагаа үргэлжлүүлэх зардал 50 хүртлэх хувь байсан гэдгийг дурдаад олон улсад татварын данс битүүмжлэх, орлого үлдээх хувь хэмжээ 10-50 хувийн хэлбэлзэлтэй байдаг хэмээн хариулав.

Ингээд Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5  хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтлоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Сангийн сайд З.Мэндсайхан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, уг хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжүүдээс нийтлэг байдлаар ирүүлсэн саналууд буюу татвар ногдуулах орлогын босгыг нэмэгдүүлэх, шатлалыг өөрчлөх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх, холбогдох зардлуудыг хасагдах зардалд тооцох, тайлан гаргах хугацааг уян хатан болгох, бизнес эрхлэхэд татварын орчныг илүү хялбар, энгийн, ойлгомжтой болгоход чиглэснийг дурдлаа. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор төлсөн татварын 90 хувийг буцаалт олгож 1 хувийн татварын ачаалалтай байх босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өөрчлөхөөр тусгажээ.  


Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь хөнгөлж, их хэмжээний өгөгдөл автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер зэргийн элэгдэх хугацааг 3 жил байх  зохицуулалтыг тусгах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналд үндэслэн боловсруулсан өөрчлөлт тусгагдсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны өрсөлдөх чадвар сайжирч, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал буурна. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдал бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төсөлд өөрчлөлт орноор нийт хэчнээн аж ахуйн нэгжийн татварын ачаалал хэр зэрэг багасаж буйг лавласан.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн дата мэдээллээс харахад 6.0 тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж нийт 620  байгаа. Үүнээс 6-10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж 338 байгаа бөгөөд нийт дүнгээр 162 тэрбум төгрөгөөр татварын ачаалал буурна гэсэн үг.  Харин 10 хувиар татвар төлөөд 90 хувиар татвараа буцааж авч байгаа  борлуулалтын орлогын босго 1.5 байсныг 2.5 тэрбум  төгрөг болгоход  4700 аж ахуйн нэгж хамрагдаж, энэ хүрээнд нийт 84 тэрбум төгрөгөөр аж ахуйн нэгжүүдийн татварын  ачаалал буурна. Дээрх өөрчлөлтийн хүрээнд нийт 250 тэрбум төгрөгөөр татварын ачаалал буурч, аж ахуйн нэгж, байгууллагуудад үлдэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтаа хийх боломж бүрдэнэ хэмээн хариулав.


Ингээд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан танилцуулахаар тогтов.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.      

Энэхүү хуулийн төслөөр иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг боловсронгуй болгох, албан татвар тайлагнах үйл ажиллагааг уян хатан болгоход чиглэсэн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. Тухайлбал, иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь хөнгөлж, буцаан олгох, бүх нийтээрээ шударга төлдөг татварын орчныг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 1 тэрбум  төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгох, татвар төлөгчийн тодорхой хугацаанд өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлөх, татвар төлөгчдийн татвар тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд төсөлд тусгагдаж байгаа аж.


Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэдийн татварын ачаалал буурч, бодит орлого нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүргэх чухал ач холбогдолтой гэж З.Мэндсайхан сайд танилцуулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн хүрээнд нийт хэдий хэрийн хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт олгохоор тооцсоныг лавлав.

Хувь хүний орлогын албан татварын хувьд иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь хөнгөлөхөөр тусгасан. Үүний жилийнх  нийт дүн нь  840 тэрбум төгрөг болно гэдгийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн хариултдаа дурдлаа. Мөн тэрбээр нөгөөтээгүүр  энэ нь орон нутгийн төсвийг бүрдүүлдэг татвар тул  сум, дүүрэгт энэ хэмжээний орлого орохгүй гэхээр улсын төсвөөс татаас өгнө гэсэн үг. Энэ нь дахиад 840  тэрбум төгрөг гэж тооцохоор  нийт 1.0 их наяд 680 тэрбум төгрөг болж байна хэмээн тайлбарлаж байлаа.   

Ингээд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулахаар тогтов.


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Засгийн газар 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тус хуулийн төсөлтэй хамт боловсруулсан хуулийн төсөл нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, орлогын тэгш бус байдлыг бууруулахад чиглэгдсэн гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа онцлоод хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтийн талаар танилцуулав. Тухайлбал, бичил, жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэлх сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих,  бусад улс орнуудын туршлагад үндэслэн, шаталсан татварын тогтолцооны зарчимтай уялдуулан импортолсон суудлын автомашины гаалийн тодорхой үнийн дүнгээс нэмэгдэл хувиар тооцож татвар ногдуулах зохицуулалтыг тус тус тусгасан гэж байлаа.


Хуулийн төсөл батлагдсанаар бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулах, бизнес идэвхжих, тэлэх бололцоог хангах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхдээ хувь хүн, хуулийн этгээдийн хувьд ялгаатай бодлого баримталж болох байсан эсэхийг тодруулахад ажлын хэсгээс олон улсын жишигт хувь хүн, хуулийн этгээд бүгдийг татвар төлөгч гэдэг утгаар авч үздэг гэсэн тайлбарыг өгсөн.

Ингээд уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг тус тус явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээ