Цэс

Холбоо барих

АБГББХ: Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг сонгож, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн (2026.05.20) хуралдаан гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр 12 цаг 46 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Д.Бум-Очир, Л.Гантөмөр, Х.Жангабыл, Б.Жаргалан, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн иржээ.

Тусгай хяналтын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг сонголоо

Хуралдаанаар эхлээд Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийн нэрийг дэвшүүлж буйг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байна. 1999 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгссөн байна. 2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистр, 2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр, 2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан байна. 2006-2009 онд Улсын Их Хурлын гишүүний туслахаар, 2010-2011 онд МАН-ын Ажлын албанд, 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын туслахаар, 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслахаар, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулав. Түүний Улсын Их Хурал, Засгийн газарт ажилласан туршлага, мэдлэг, чадварыг харгалзан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.


Дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тусгай хяналтын дэд хороо нь хууль хяналтын байгууллагуудын тусгай ажиллагаанд хяналт тавьдаг онцгой хариуцлагатай нэгж болохыг Л.Гантөмөр гишүүн тэмдэглээд, дэд хорооны дарга аливаа нөлөөллөөс ангид байж, хууль дүрмийн хэрэгжилтийг чанд сахиулах ёстойг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, төрийн онц чухал, маш нууц төсөл хөтөлбөрүүд тус дэд хороогоор дамждаг тул нэр дэвшигчийг ёс зүй, хариуцлагын өндөр түвшинд ажиллахыг хүслээ.



Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжив. Энэхүү санал хураалтын дүнд үндэслэн Байнгын хорооны холбогдох тогтоол батлагдсанд тооцдог. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тогтоолыг уншиж танилцуулсан.

Ажлын хэсэг Кибер аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзжээ 

Үргэлжлүүлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл бэрхшээл болон нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар ажиллажээ.


Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн. Хуулиар кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцооны суурийг тавьсан боловч технологийн хөгжил, халдлагын төрөл, үндэсний мэдээллийн дэд бүтцийн хамаарал эрс өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд хуулийн хэрэгжилтийн бодит чадавх, шинэчлэлтийн хэрэгцээг эргэн харах шаардлага үүссэн хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд танилцуулав.

Ажлын хэсэг салбарын оролцогч, хэрэгжүүлэгч байгууллагууд, мэргэжлийн холбоод, судлаач, эксперт, олон улсын байгууллагуудыг хамруулан ажилласан байна. Тухайлбал, ажлын хэсгийн дэргэд дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулжээ. Дэд ажлын хэсэг байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хуулийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаарх саналыг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, нэгтгэн ажиллажээ.


АНУ-ын кибер аюулгүй байдлын “Apogee” компанийн төлөөлөл, Японы JICA-аас хэрэгжүүлж буй төслийн удирдлагууд, салбарын дотоодын болон олон улсын экспертүүдтэй нийт 9 удаагийн тусгайлсан болон хамтарсан уулзалт хийсэн байна.

2026 оны 01 дүгээр сард Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зохион байгуулсан салбарын хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлд оруулах санал, дүгнэлтийг авч ажлын хэсгийн судалгаанд нэгтгэжээ.

2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газраас зохион байгуулсан “GovSec” арга хэмжээний үеэр төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага болон төрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгууллагуудаас хуулийн хэрэгжилт, хүндрэл бэрхшээлийн талаар нэмэлт санал, асуулга авсан байна.

Мөн ажлын албанаас Эстони, Казахстан, Узбекистан, Япон, Сингапур, Солонгос зэрэг улсын кибер аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин, хяналт зохицуулалтын тогтолцоог хамруулсан олон улсын харьцуулсан судалгааг боловсруулжээ.


Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний хүрээнд 11 төрийн байгууллагад албан бичиг хүргүүлж, 10 байгууллагаас санал авч, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага, зөвшөөрөлтэй этгээд, төрийн өмчит хуулийн этгээд, банк, мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч, салбарын мэргэжилтэн, иргэдээс нийт 7 төрлийн асуумжаар 250 хариулт цуглуулсан судалгаа хийсэн байна.

Ажлын хэсэг энэ оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, олон улсын чиг хандлагад нийцүүлэн кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж, хуулийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулах шаардлагатай хэмээн санал нэгдсэн гэж Ч.Анар гишүүн танилцуулав.

Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн хэрэгжилтийн ерөнхий үнэлгээний талаар танилцуулсан. Одоо хэрэгжиж буй Кибер аюулгүй байдлын тухай хууль нь онц чухал мэдээллийн дэд бүтэц, эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн тогтолцооны талаарх зохицуулалтыг нэгтгэсэн ач холбогдолтой. Гэвч хэрэгжилтийн явцад хууль нь бодит өндөр ачаалалтай, олон байгууллага оролцсон, мэдээллийн урсгал төвүүд хооронд шилжих шаардлагатай нөхцөлд бүрэн ажиллах хэмжээнд нарийвчлагдаагүй байгааг тодотголоо.

Хуульд Кибер аюулгүй байдлын зөвлөл, түүний Ажлын алба, ЦХИХХЯ, Үндэсний төв, Нийтийн төв, цагдаа, тагнуул болон бусад байгууллагын стратегийн, зохицуулалтын, техникийн, хууль сахиулах чиг үүргийн зааг бүрэн тодорхой биш байгаагаас хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж. Тухайлбал, ноцтой халдлагын үеэрх нэгдсэн удирдлагын асуудал тодорхойгүй, мэдээлэл аль сувгаар орж ирэх, аль шатанд хэрхэн шилжих, кейсийг хэзээ хаагдсан гэж үзэх, буцах тайлагнал хэрхэн хийх процесс нэг мөр тогтоогдоогүй байна.


Хоёрдугаарт, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын ангилал эрсдэлд суурилсан, уян хатан хэлбэрээр бүрэн төлөвшөөгүй байгаа гэлээ. Засгийн газрын 2022 оны 207 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нийт 216 байгууллага, үүнээс 134 төрийн, 82 хувийн хэвшлийн байгууллага багтсан. Гэвч тухайн байгууллагын үйлчилгээ тасалдвал нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хэрэглэгчийн тоо, өгөгдлийн хэмжээ, орлуулах үйлчилгээний боломж, хил дамнасан эрсдэл зэрэг шалгуурыг илүү тодорхой болгох шаардлагатай хэмээн Ч.Анар гишүүн танилцуулсан. Ангиллын тодорхойгүй байдал нь зөвхөн жагсаалтын асуудал бус, Үндэсний төв, Нийтийн төвийн ачаалал, төсөв, хүний нөөц, хариу арга хэмжээний чадавхад шууд нөлөөлнө гэдгийг онцоллоо.

Гуравдугаарт, кибер халдлага, зөрчлийг “даруй мэдэгдэх” гэсэн ерөнхий зохицуулалт практикт хангалтгүй болохыг ажлын хэсгийн танилцуулгад дурдсан байв. Үүсэж болох нөхцөлд авах хариу арга хэмжээ, хариуцах этгээд, холбогдох үйл явцыг илүү нарийвчилж, тодорхой болгох шаардлагатай хэмээв.

Дөрөвдүгээрт, аудит, эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрлийн тогтолцоо эрх зүйн хувьд бүрдсэн боловч бодит хэрэгжих чадвар сул гэж үзсэн байна. Байгууллагуудын ойлголт харилцан адилгүй, удирдлагын түвшний оролцоо хангалтгүй, тайлангийн чанарын шалгуур, сайжруулалтын төлөвлөгөө, биелэлтийн хяналт, аудитын чадавх, мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл хангалтгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хэлбэр төдий болгох эрсдэлтэй болохыг дурджээ.

Тавдугаарт, хүний эрх, хувийн мэдээлэл, бизнесийн нууц, халдлагатай холбоотой өгөгдлийг боловсруулах, хадгалах, дамжуулах харилцааг илүү нарийвчлах шаардлагатай гэж үзсэн байна. Кибер аюулгүй байдлын арга хэмжээ нь эмзэг мэдээлэлтэй шууд холбогддог тул хууль ёсны үндэслэл, зорилгоор хязгаарлах, шаардлагатай хамгийн бага өгөгдөл авах, хадгалах хугацаа, устгах журам, маргах эрх, хөндлөнгийн хяналтын баталгаа зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

Зургаадугаарт, санхүүжилт, хүний нөөц тогтворгүй, мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцоо хангалтгүй байгаа талаар танилцууллаа. Байгууллагад кибер аюулгүй байдлын тусгай төсөв, мэргэшсэн ажилтан, олон улсын батламж, тогтмол сургалт, төр-хувийн хэвшлийн хамтарсан бэлтгэл дутмаг хэвээр байвал хуульд заасан үүрэг бодит хамгаалалт болж хэрэгжих боломж хязгаарлагдана гэдгийг дурдсан.

Дээрх нөхцөл байдалд тулгуурлан Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэсэгчилсэн нэмэлт, өөрчлөлтөөр бус, эрсдэлд суурилсан, хэрэгжилт нь хэмжигдэхүйц, кибер аюулгүй байдал гэхээс илүү кибер сөрөн тэсвэрлэх чадварт чиглэсэн шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн болохыг Ч.Анар гишүүн Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

Энэ хүрээнд кибер аюулгүй байдлын тухай одоо мөрдөгдөж буй хууль нь үндэсний эрх зүйн суурийг тавьсан боловч өнөөгийн кибер аюулын хурд, цар хүрээ, технологийн өөрчлөлт, онц чухал үйлчилгээний хамаарал, мэдээллийн орчны эрсдэлтэй бүрэн нийцэхгүй гэв. Хуулийн хэрэгжилтэд байгууллага хоорондын уялдаа, чиг үүргийн зааг, мэдээллийн урсгал, буцах тайлагнал, инцидентэд хариу арга хэмжээ авах шаталсан процесс, аудит, эрсдэлийн үнэлгээний бодит хэрэгжилт, хариуцлага, санхүүжилт, хүний нөөцийн асуудал тогтолцооны шинжтэйгээр илэрч байгааг тодотгосон.

Кибер аюулгүй байдлыг зөвхөн халдлагаас хамгаалах бус, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тасралтгүй ажиллагааг хадгалах, сэргээн босгох, сургамж авч сайжруулах бүх мөчлөгийг хамарсан кибер тэсвэрлэх чадварын тогтолцоо болгон шинэчлэх шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах, үндэсний мэдээллийн дэд бүтцийн эмзэг байдлыг бууруулах, кибер орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг тодорхойлсон тул хуулийн шинэчлэл нь бодлогын тус баримт бичгийн хэрэгжилтийг хангах эрх зүйн шинэ шат болох ёстой хэмээн үзсэн байна.


Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаарх дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Д.Бум-Очир нар асуулт асууж, хариулт авав. Техник, технологийн хөгжлийг дагасан өөрчлөлтүүд дунд хүний тархи, сэтгэл зүй, шийдвэр гаргах үйл явцыг зорилготойгоор удирдаж, өөрчлөхөд чиглэсэн когнитив дайн (Cognitive Warfare) зэрэг нөхцөлд үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг хэрхэн тодорхойлж буйг лавлав. Хуурамч болон зорилтот мэдээллээр хувь хүний үзэл бодлыг өөрчлөх хэмжээний нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа нь иргэний болон төрийн нууцад байгаа мэдээллийг ашиглаж, түүнийгээ хиймэл оюунаар боловсруулдаг. Кибер аюулгүй байдлыг хамгаална гэдэг нь энэ төрлийн үйл ажиллагааг хязгаарлах, хамгаалах хэмээн Ч.Анар гишүүн тайлбарлав. Хүн төрөлхтөн кибер орчинд амьдарч байгаа учраас хүн бүрийн, улс орны бүхий л үйл ажиллагаа хамаарч, энэ хүрээнд халдлага явуулбал бодит нөхцөлд асар ноцтой үр дагавар үүсгэж байсан тохиолдлуудыг жишээ болгон дурдсан. Урьд нь хамгаалалтын арга хэмжээ аваад л кибер орчноо хамгаалж болдог байсан бол өдгөө нөхцөл байдал тэс өөр болсон гэдийг тэрбээр тайлбарлаад, олон улсын одоогийн жишгээр халдагч этгээдээс ердөө хамгаалах биш, үүний эсрэг арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг хэлж байв.

Өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуульд цахимаар оролцох асуудлыг тусгаснаа Д.Бум-Очир гишүүн тодотгов. Энэ тохиолдолд эрсдэл бий эсэхийг асуулаа. Энэ төрлийн харилцааг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх байгууллага болон Сонгуулийн ерөнхий хороо хариуцаж байгаа бөгөөд технологийн хувьд найдвартай хамгаалж ажилладаг хэмээн Ч.Анар гишүүн хариулав. Энэ утгаараа иргэд сонгуульд цахимаар оролцож, санал өгөх боломж бий хэмээн үзэж буйгаа тодотгосон. Үргэлжлүүлэн тэрбээр ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд хуулийг хэрхэн шинэчлэх талаарх саналуудаа үндэслэлийн хамт дэлгэрэнгүй танилцуулсан. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, дээрх санал, дүгнэлттэй санал нийлж буйгаа тэмдэглээд, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв. Мөн энэ ээлжит чуулганы хугацаанд холбогдох төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг дурдсан.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч буй хүндрэл бэрхшээл болон нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ