Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 20 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолууд болон “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Тухайлбал,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн “уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн” гэснийг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш” гэснийг “3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн” гэж тус тус өөрчилсөн байна.

Мөн “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолуудаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн П.Сайнзориг, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Э.Болормаа, О.Саранчулуун, Ч.Номин, О.Номинчимэг нараас 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаажээ.

Харин “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн С.Лүндэгийг тус дэд хорооны гишүүнээр баталсан байна. Түүнчлэн “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын хэмжээнд хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хариу арга хэмжээ авах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, өвчний хяналт, сэргийлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулж, тогтоолын  хавсралтаар “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн дүрэм”-ийг баталжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ