“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн зорилт нь УИХ-аас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуульд заасан төслийн санхүүжилтийг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд орших юм. Харин Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.
Түүнчлэн тус дугаарт нийтэлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэхэд гарч байгаа алдаа дутагдал, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа явдал, хүний халдашгүй байх эрх зөрчигдөх нөхцөл арилахгүй байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа явдал нь тухайн тохиолдол бүрийн алдаа бус, системийн шинжтэй доголдол мөн болохыг тэмдэглэж, тэдгээрийг арилгах, хүний эрхийн баталгааг бодитой хангах зорилгоор тодорхой бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Мөн “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр УИХ-д Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан бол УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр УИХ-д Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаажээ.
Харин “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Заяабалыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгож, УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг тус Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English