Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 25 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоол болон “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Жагсаалт батлах тухай”, “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслийг 3 зэрэглэлд ангилах нэмэлт оруулсан байна. Үүнд: I зэрэглэл буюу их эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг болон хуримтлагдах нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдахгүй, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нэмэлт арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ ихтэй үйл ажиллагааг; II зэрэглэл буюу дунд эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх сөрөг нөлөөлөл нь төслийн нөлөөллийн бүсийн хэмжээгээр хязгаарлагдах боломжтой, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулахад нөхцөл, болзолтой арга хэмжээ шаардлагатай, газар чөлөөлөлтийн хамрах хүрээ хязгаарлагдмал үйл ажиллагааг; III зэрэглэл буюу бага эрсдэлтэй төсөл гэж байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл нь хязгаарлагдмал, эсхүл эрсдэлгүй үйл ажиллагааг хэлнэ. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийггэснийг мэдэгдлийг гэж өөрчилж, төсөл, төсвийн тодотголын гэснийг хассан. Харин Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцжээ.

“Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр УИХ-д Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан байна.

Түүнчлэн “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г  баталжээ. Мөн “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг баталсан бөгөөд  8 төрлийн тэмцээн болох юм. Харин “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар “Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан ба журмын зорилго нь гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчин, түүний туслах малчны ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг зохицуулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ