Цэс

Холбоо барих

лсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.09.21-09.25

 

Даваа 2026.09.21



Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг албан ёсоор зарлалаа.

 

Мягмар 2026.09.22


УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагатай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцох үеэрээ Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгаа ч иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 53.6 хувийн ирцтэй хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Эрхэм зочин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурсны дараа хоёр спикерийн албан ёсны хэлэлцээ эхлэв. Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан гэмт хэрэгт Малайз Улсын Холбооны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн тангараг өргөв.

 

Лхагва 2026.09.23



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ.

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэлийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

 

Пүрэв 2026.09.24




Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй биечлэн уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

 

Баасан 2026.09.25


Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат эхэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт, Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойг тодотгов.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай “Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцож, энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үр дүн нь бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын залгамж халааг бэлтгэх, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газраас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол төрийн эрх барих хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, Тамгын газарт ажиллаж байсан нийт ахмадууд, азай буурлуудадаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ