Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав мэдээлэл хийлээ

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тохиодог билээ. Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос энэ өдрийг тохиолдуулан хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр /2016.09.09/ тайлагнаж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

“Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ ажиллаж байна. Улсын комисс байгуулагдсан эхний жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа удирдлага болгож байсан бол 1998 оноос УИХ-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг батлан, хэрэгжүүлж байгаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон нь цагаатгах ажлыг үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэл учруулж байна. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” хэмээн Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.

Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл