Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв гарагт (2026.05.21) үдээс хойш найман цаг гаруй хуралдаж, товлосон найман асуудлыг хэлэлцлээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг, үдээс хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар тус тус хэлэлцсэн юм.



Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, цаашид парламентын үйл ажиллагааг оновчтой, үр нөлөө, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой байлгах, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан Ц.Сандаг-Очир, Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Хуралдааны ирц, оролцоо, гишүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах бол өмнөх өдөр нь бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхисон бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасахаар төсөлд тусгажээ. Тухайн гишүүн нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй бол төсвийн санхүүжилтийг нь олгохгүй, цалинг хасах, ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан болон бусад хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол мөн хариуцлага тооцохоор зохицуулалт оруулсан тухай танилцуулгад дурдав. Мөн Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах шийдлийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг дэмжсэн гэлээ. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломжтой эсэх, гишүүдийн саналыг ил тод болгох, Д.Рэгдэл санал хураалтыг гишүүд биечлэн өгөх нь зохистой, ирц бүртгэл, бүсийн хөрөнгө оруулалтын талаар тодруулав. Харин УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн гишүүд үг хэлэхийн тулд намын бүлэгтээ мэдэгддэг болсон нь төвөгтэй байна, гэтэл иргэд тухайн гишүүнийг үг хэлдэггүй гэсэн байдлаар ханддаг хэмээв. Тэрбээр хуралдааныг мэтгэлцээний горимд шилжүүлэх эрх хэнд байхаар төсөлд тусгасан талаар, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, яаралтай горимоор хэлэлцэх шалгуурын тухай тодрууллаа.


УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, гишүүдээс санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэх, УИХ-ын гишүүн Э.Болормаа, гишүүдийн үг хэлэх эрхэд халдахыг зөвшөөрөхгүй, цалингаас хасах нь хэр бодит шийтгэл болж чадах эсэх, УИХ-ын гишүүн С.Зулпхар нэгэнт парламентын эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэж байгаа юм чинь тал талаас идэвхтэй оролцохыг уриалж, нэгэнт биечлэн санал өгөх техникийн нөхцөл боломж бүрдсэн учраас шинэ заалт тусгах илүүц, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуралдаануудыг үр дүнтэй явуулах нь тулгамдсан асуудал болохыг, зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанаас хоёр өдрийн өмнө өгнө гэсний хугацааг сунгах, Байнгын хороодыг тогтсон өдөр, цагт хуралддаг хуваарьт оруулах талаар тодруулж, байр суурь илэрхийлэв.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар хууль санаачлагч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтах эсэх, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн хэмнэлт, иргэдийн оролцоо, хяналтыг хэрхэн тусгах, О.Номинчимэг парламентын амин сүнс болох дэгийн хуулийн төсөлд парламентыг бодлогын мэтгэлцээний талбар болгохыг чухалчилж, дэвшилтэт асуудлыг тусгасан талаар хөндөв. 

Хууль санаачлагчдаа төлөөлж УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу нар гишүүдийн асуултад хариуллаа. Ялангуяа гишүүдийн оролцоо, сахилга, хариуцлагыг сайжруулсны үр дүнд парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээхийг зорьсон болохыг С.Бямбацогт дарга хариултдаа онцолж байсан. Мөн аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад үзэл баримтлалаа хамгаалах боломж бүрдүүлэх, мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар шийдвэрлэх, бүсийн хөрөнгө хуваарилалт, төсөвлөлтийг хийхдээ тухайн бүс дотроо шийдвэрлэх, улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгаагүй төсөл, хөтөлбөрийг дур мэдэн санал гаргахгүй, зардлын тооцоолол бодит байх зэргийг тодотгов. Түүнчлэн хууль өргөн мэдүүлэх тов дарааллыг нэг сарын дотор шийдвэрлэж, хүлээн авдаг байхаар төсөлд тусгасан. Энэ талаар олон гишүүн хүсэлт ирүүлсэн гэв. УИХ-ын гишүүдийн ирц бүртгэлийг чангатгах, цалингаар торгох, үг хэлэх эрх хязгаарлах зэрэг парламентын олон улсын жишгийг хуулийн төсөлд оруулжээ. 


Гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариултыг өгч байлаа. Хуралдаануудыг илүү үр өгөөжтэй болгохын тулд аль нэг байгууллагын төлөөлөн хэлэлцүүлэгт оролцогчид үнэн, зөв, бүрэн гүйцэд хариулах, өгсөн амлалтаа заавал биелүүлэх, хэлэлцүүлгийн асуулт, хариултыг тус бүр нэг минутаар сөөлжүүлэх нь үр дүнтэй талаар хуулийн төсөл санаачлагчид тайлбарлалаа. 

Парламент бол амьд харилцаа байх газар, гишүүд үг хэлэх эрхтэй, УИХТГ-ын эрх мэдлийг өндөрсгөж, дүгнэлт гаргах эрх мэдлийг өгсөн байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, П.Наранбаяр асууж, байр суурь илэрхийлэхэд, Үндсэн хуулийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгасан гэсэн хариуг С.Бямбацогт дарга өгөв.



Хуулийн төслийн талаарх асуулт, хариултын дараа дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар индрээс үг хэлсэн юм. Тэд гишүүдийн сахилга, хариуцлага, оролцоо, бүтээмжийг дээшлүүлэх нь чухлаар тавигдаж байгаа учраас төслийг дэмжихийг уриаллаа.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн талаар хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцуулсан юм. Зургаан жилийн өмнө анх удаа баталсан хуулийн хэрэгжилтээс улбаалан парламентын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтад "Амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих", албан тушаалтнууд дутуу мэдээллээ бичгээр хүргүүлэх тухай шинээр нэмж тусгажээ. Ингэснээр УИХ-аар хэлэлцүүлж буй аливаа асуудалд хариуцах эзэн бие, эргэн тайлагнах, хэрэгжүүлэх зүй тогтол илүү чамбайрна гэж тооцоолсон ажээ. Байнгын хороо энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байв. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, давхар дээлтэй гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд судалгаанд үндэслэсэн эсэх, төрийн албан хаагчдыг ажлаар дардаг, дайчилдаг талаар, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ж.Галбадрах, Б.Батбаатар нар парламентын хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх асуудлаар хариулт авч, үг хэлсэн юм.


Засгийн газрын гишүүн, сайд нар чуулганы хуралдаанд оролцохдоо гишүүдийн асуултад бүрэн хариулж, хүндэтгэлтэй, ажил хэрэгчээр үнэн зөв мэдээлэл өгч, зарчмаа баримтална. Хэрвээ эдгээрийг зөрчвөл огцрох үндэслэл болно гэж хууль санаачлагч С.Бямбацогт хариулав. Гишүүдийн сахилга, хариуцлага сул байгааг чангатгах зорилготой, хэрвээ өнөөдөр эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжвэл, Ажлын хэсэг байгуулах бол УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг бүрэлдэхүүнд нь оруулна гэдгийг тэрбээр онцоллоо. Салбарын хөгжлийг индексээр хэмжиж, бодлогын түвшиндээ парламентын хяналт тавьдаг байх, аливаа шийдвэрийн үр дүнг иргэдийн амьдралд нөлөөлсөн байдлаар нь дүгнэдэг болохыг зорьж буй гэв. 


Ийн хэлэлцээд хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж, үг хэлэх гишүүн гарсангүй. Санал хураалтыг маргааш хүртэл түр хойшлуулаад, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тав дахь асуудал буюу Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцуулж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн тул хэлэлцэж өгөхийг хүсэв. Хэрвээ энэхүү анхдагч хуулийн төслийг дэмжсэнээр дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах Газрын тос боловсруулах үйлдвэр барих, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, жилд дундажаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гадаад зээлийн эх үүсвэрээр барих төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслүүдийн нэгээхэн хэсэг болох тухай танилцуулгад дурдсан. 2026 оны байдлаар соёрхон батлагдсан, хэрэгжүүлж буй нийт 20.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 74 төсөл хэрэгжиж байгаагаас 34 хувийг ашигласан. Эдгээрийн 82 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь төслүүдийг ашиглалтад оруулах хэрэгцээ, шаардлагыг үүсгэжээ. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, Р.Эрдэнэбүрэн, Г.Очирбат, Б.Түвшин, С.Зулпхар, Б.Батбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Баатархүү нар асууж, хариулт авлаа. Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулав.


Хэлэлцэх асуудал олон байгаа тул чуулганы хуралдааны хугацааг сунгаж хуралдахаар шийдвэрлэж, хуралдаан даргалагч С.Бямбацогт хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг Баасан гарагийн /2026.05.22/ нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсныг танилцуулж алх цохив. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар

УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа


Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 5 хоногийн завсарлага авлаа. Хууль санаачлагч илтгэхдээ, 1993 оны ээлжит сонгуулиас хойш нийт найман удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн, Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны “Сонгогчийн зан төлөвийн судалгаа"-нд оролцогчид сонгуульд оролцоогүй шалтгаанаа газар зүйн байршлаас хамааралтай холбож хариулсан зэрэг нь энэхүү хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон хэмээв. Тиймээс 250 орчим мянган сонгуулийн насны иргэнд эрхээ эдлэх боломжоор хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, урьдчилан санал өгөх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн талаарх санал, дүгнэлтийн талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэсэн. Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцээд, тус Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслөөр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан нэгдүгээр хувилбарыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн байна. 



Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дам.Цогтбаатар, Дав.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, П.Наранбаяр, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж нар тодруулж, байр суурь илэрхийлэв. Хүн гүтгэхэд ял өгдөггүй орон гарын таван хуруунд багтаж байгаа, бусад бүх орон ялын зүйлчлэлтэй талаар, сэтгүүлчдийг ажил мэргэжлийн хувьд яллахгүй байх, хүний язгуур эрхэд халдах заалт тусгасан зэрэг шүүмж, дэмжлэгийг дор бүрнээ өгүүлсэн. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, уг хуулийн төслийг зөвхөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан учраас Эрүүгийн хууль дахь зарим заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх болно. Харин эрх мэдэлтнүүдээс гадна гэмгүй иргэд цахим болон бодит амьдралд гүтгүүлж, гутаан доромжлуулдаг байдлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудал үлдэж байгааг сэтгүүлчдийн ажил мэргэжлээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдахгүйгээр уян хатан зохицуулах шаардлага бий гэв. Энэ талаар хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газарт чиглэл болгов.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг 


УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч  О.Саранчулуун нэгдсэн хуралдаанд танилцуулсан.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Р.Эрдэнэбүрэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд асууж, үг хэлэв. Эхийг урамшуулахдаа тээж, төрүүлсэн үр хүүхэд нэг нас хүрсэн байх шалгуурыг хасаж байгаад гишүүд талархан хүлээж авлаа. Харин охид, эмэгтэйчүүд төв суурин бараадаж, орон нутагт малчин залуус гэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд буй нийгмийн асуудлыг хөндөж, “Эхийн алдар” одонг 3 болон 5 хүүхэдтэй ээжүүдэд олгодог болох шаардлага үүссэн, хүүхэд нь эндсэн эхчүүдийг нөхөн шагнах эсэх зэрэг асуудлыг лавлаж байв. 

Төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй 



Мөн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг,  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд нар илтгэв. Эдгээр хуулиудын төслүүдийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй таван санал гаргасан хэмээн уншиж танилцууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн П.Батчимэг, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, П.Мөнхтулга, Д.Ганмаа, О.Саранчулуун, Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Пүрэвдорж нарын асуултад хариулав. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хүрэхгүй хэвээр байна гэсэн дүгнэлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгчээ. (Хуулийн төслүүдэд өгсөн хараат бус дүгнэлтийн дэлгэрэнгүйг эндээс уншина уу.)



Ж.Энхбаяр сайд, улсын төсвийн дийлэнх хэсгийг хүүхдийн мөнгө, цалин, нийгмийн даатгал, халамж зэрэг урсгал зардлын санхүүжилтэд зарцуулдаг. Энэ зардлыг 200 гаруй хуулиар хуульчилсан байдаг нь эдийн засагт дарамт учруулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй. Н.Учралын Засгийн газар чөлөөлөлтийг хийнэ. Эдийн засгийг чөлөөлөх багц хуулиудыг оруулж ирж, хэлэлцүүлнэ. Бараг бүх салбарт хөрөнгө оруулалтын асуудал дээд түвшиндээ хүрсэн. Засгийн газрын хуралдаанаар 115 хуулийг өөрчлөх төслийг хэлэлцээд дэмжсэн, удахгүй парламентад өргөн мэдүүлнэ гэсэн хариултуудыг өгсөн юм. Хуралдаан ийн хэлэлцсээр шөнийн 22 цаг 18 минут хүртэл үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.










Хуваалцах:

Холбоотой мэдээ