Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.06.02-06.05/

ДАВАА ГАРАГ 2026.06.01

  • Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2026.06.01/ Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдийн төлөөлөлтэй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ (дэлгэрэнгүй).

МЯГМАР ГАРАГ 2026.06.02


  • Инновац, цахим хөгжлийн дэд хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл сонсов (дэлгэрэнгүй).
  • Төрийн байгуулалтын байнгын хороо Мягмар гарагт хуралдаж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтов (дэлгэрэнгүй).
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ (дэлгэрэнгүй).
  • Мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо хуралдан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын Мягмар гарагт нэгдсэн хуралдаан товлосны дагуу ирвэл зохих 126 гишүүнээс 67 гишүүний ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа (дэлгэрэнгүй).
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар буюу 2026 оны 21 дэх дугаарт Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн бөгөөд хуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайланг нэгтгэн хадгалж, олон нийтэд ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний судалгааны нэгдсэн цахим мэдээллийн сантай байх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийлгэхээр зарласан судалгааны ажлын сонгон шалгаруулалтад төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа гаргахгүй оролцох зэрэг зохицуулалтыг тусгажээ (эндээс татах).

ЛХАГВА ГАРАГ 2026.06.03


  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулахаар иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцохыг урив (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг хүлээн авч уулзлаа (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн 29 дүгээр чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв нартай уулзжээ (дэлгэрэнгүй).
  • Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцлөө (дэлгэрэнгүй).
  • Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэв (дэлгэрэнгүй).
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл байв (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Батбаатар, бүлгийн гишүүн Б.Уянгын хамт Бээжин дэх Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн Шир Гидеон Мизрахи болон Израил Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа (дэлгэрэнгүй).
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Лхагва гарагт хуралдаж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ (дэлгэрэнгүй).

ПҮРЭВ ГАРАГ 2026.06.04


  • Төсвийн байнгын хороо Пүрэв гарагт хуралдаж “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг явуулж, “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, Д.Батбаяр, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан, С.Эрдэнэбат нар өргөн мэдүүлэв (дэлгэрэнгүй).
  • Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр товлож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Ерөнхий сайд Н.Учрал өргөн мэдүүллээ (дэлгэрэнгүй).
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Усны эрүүл ахуй-үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын 30 орчим гишүүн, салбар хариуцсан яам, агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 118 гаруй хүн оролцлоо (дэлгэрэнгүй).

  • Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойн жил 1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч шийдвэрлэж байхыг тусгасан хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ (дэлгэрэнгүй).

БААСАН ГАРАГ 2026.06.05


  • Энэ сарын 22-ны Даваа гарагт болох Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэнэ (дэлгэрэнгүй).
  • Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготой Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг О.Цогтгэрэл, Б.Жаргалан нарын гишүүд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан (2026.06.05) гарагийн нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын тавдугаар сарын үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээллийг С.Бямбацогт дарга танилцуулсан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав (дэлгэрэнгүй).
  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 5 дугаар сарын ирцийн мэдээ (дэлгэрэнгүй).
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 2026 оны 6 дугаар сарын 08-12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал (дэлгэрэнгүй). 


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээ