Даваа 2026.05.11
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрхийг хамгаалах эрх зүйн бодлого, парламентын засаглалыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
- УИХ-ын дарга энэ өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдтэй уулзаж, хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг Байнгын хороодоор хэлэлцүүлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, цахим орчинд хүний эрх зөрчигдөж буйг таслан зогсоох, ялангуяа хүүхдийн эрх хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
- Хууль тогтоолын төслүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль, тогтоолын төсөл боловсруулах 19 Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгүүдийн ажлын явц, үр дүнтэй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцаад, үр дүнд суурилсан санал, дүгнэлтээ яаралтай танилцуулахыг үүрэг болголоо.
- "Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрийн хоёр дахь загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Сангийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Мягмар 2026.05.12
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Франц Улсын Засгийн газраас “Монголд цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд 1 сая орчим еврогийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, энэ нь цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа Монгол Улсад үнэтэй хувь нэмэр болохыг цохон тэмдэглэв.
- УИХ-ын Тамгын газраас албан ёсоор мэдэгдэл гаргаж, “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл үндэслэлгүй, худал, 2024 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентаас нэг ч гишүүн орон байрны дэмжлэг аваагүй, дэмжлэг олгох тухай зохицуулалт хууль тогтоомжид байдаггүйг олон нийтэд мэдээллээ.
- Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаараа 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцав.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Австралийн Холбооны Улсын Сидней хот, ХБНГУ-ын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ.
- Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрх олгохыг дэмжив. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаараа Нийгмийн ажлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийхээр товлож, Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ.
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцан, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
- Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул урьж байна. Бүртгэл энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл явагдана. Энд дарж бүртгүүлэх боломжтой.
Лхагва 2026.05.13
- Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёр улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн чухал багана болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсын экспортын тоо хэмжээ, төрөл зүйлийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтарч, хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээв. Талууд Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг шуурхайлах нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэмэртэй гэв.
- Орон сууц захиалах, худалдан авах гэрээ байгуулж хохирсон иргэдтэй УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд уулзаж, тэдний саналд үндэслэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр боллоо. Тус байнгын хороонд иргэдээс 600 гаруй өргөдөл ирснийг нэгтгэн дүгнэж, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлээд байна.
- Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудын судалгааг эргэлтэд оруулах, салбарын бодлого боловсруулахад ашиглах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог сайжруулах, "Оюутан-Цэрэг" хөтөлбөрийг "Малчин-Цэрэг" болгон өргөжүүлэх, хүүхэд, залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн болон “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
- Төсвийн байнгын хороо хуралдаж, “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авав. “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаараа “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойш) төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 9 дүгээр сарын 28-29-нд явуулахаар тогтов. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
- Энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр нарын 6 гишүүнээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Пүрэв 2026.05.14
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы (2026.05.14) нэгдсэн хуралдаанаар Пүрэв гарагт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэн, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг 99 гишүүн дэмжлээ. Түүнчлэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаярыг танилцуулж, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.
- Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бүлгийн гишүүд Финланд-Монголын парламентын бүлгийн дэд дарга Атте Калева, Ирээдүйн байнгын хорооны дэд дарга Тимо Харакка нартай уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.
- Энэ өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Баасан 2026.05.15
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн (2026.05.15) нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Цусны донорын тухай хуулийн төсөл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
- “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулж буйгаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд мэдээлж, нийт хүн амын 37.1 хувийг эзэлж буй хүүхэд, залуучууд болон 997 мянга орчим орчим гэр бүлийн, хөгжил, хамгаалал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
- Монгол-Азербайжаны парламентын бүлгийн дарга С.Замира тэргүүтэй тус бүлгийн гишүүд Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахим уулзалт хийж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, худалдаа, аялал жуулчлал, соёл, урлаг, боловсрол, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх талаар санал солилцов.
- Улсын Их Хурлын гишүүн, Монгол-БНАСАУ-ын Парламентын бүлгийн дарга С.Лүндэг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Tүр хамаарагч Жон Мин Док-ийг хүлээн авч уулзан парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан айлчлал хийх, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
- Төсвийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
- Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
- “Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мон
English