Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.04.20-04.24/

ДАВАА ГАРАГ 2026.04.20


  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл батлагдсанаар нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой. (Дэлгэрэнгүйг эндээс
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөв  (Дэлгэрэнгүйг эндээс

МЯГМАР ГАРАГ 2026.04.21


  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийн "Орон нутгийн Хурлын төлөөлөгч" гэдгийг "аливаа этгээд" гэж өөрчлөн найруулж, нэр дэвших ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй байхаар зохицуулахаар төсөлд тусгажээ. (Дэлгэрэнгүйг эндээс
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн  Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригийг сонгохыг дэмжиж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж зарчмын зөрүүтэй 75 саналын томьёоллоор санал хураав. (Дэлгэрэнгүйг эндээс
  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгүүдийг хийв. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус тус сонслоо. (Дэлгэрэнгүйг эндээс

ЛХАГВА ГАРАГ 2026.04.22


  • Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгээс Нийтийн өмчийн хууль (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ийн төслийн цуврал хэлэлцүүлгийг "Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал" сэдвээр явууллаа. (Дэлгэрэнгүйг эндээс) 
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.04.22) Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тус зөвлөлийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхэд шаардлагатай эрх зүйн бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. (Дэлгэрэнгүйг эндээс  
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Мөн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг сонгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. (Дэлгэрэнгүйг эндээс) 
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2026.04.22) хуралдаанаар Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. (Дэлгэрэнгүйг эндээс) 
  • Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн төлөөллөөр хэлэлцүүллээ. (Дэлгэрэнгүйг эндээс

ПҮРЭВ ГАРАГ 2026.04.23


  • Улсын Их Хурлын Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа. (Дэлгэрэнгүйг эндээс
  • “Парламентуудын парламент” нэгдсэн сэдвийн дор хуралдсан Ассамблейд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов. (Дэлгэрэнгүйг эндээс)  
  • Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо болсон ОУПХ-ны 152 дугаар Ассамблейд “Татварын аргаар эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт оруулахад парламентчдын үүрэг” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцлоо. (Дэлгэрэнгүйг эндээс
  • Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, “Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан. (Дэлгэрэнгүйг эндээс)  
  • “Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Парламентын номын сан Монгол Улсын их сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохиогч-уншигчдын уулзалтыг зохион байгуулав. (Дэлгэрэнгүйг эндээс

БААСАН ГАРАГ 2026.04.24


  • Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцсэн. Хуралдаанаар  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны,  БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. (Дэлгэрэнгүйг эндээс)  
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс  "Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. (Дэлгэрэнгүйг эндээс
  • Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаа үдээс хойших хуралдаанаар  Улсын Их Хурлын асуулгын цагийг явууллаа. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. (Дэлгэрэнгүйг эндээс)

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээ