Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.05.04-05.08

Даваа 2026.05.04

Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн тухай заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуулийн төслийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд буюу хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдад танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.

 

Мягмар 2026.05.05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай”, тус Байнгын хорооны хуралдаанаар энэ оны тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” тогтоолуудыг баталж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан, төв, суурин газрын хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамдын мэдээллийг сонслоо.

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулж, Байнгын хорооны энэ сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, тогтоол гаргалаа. Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг оруулахыг дэмжлээ.

 

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Байнгын хорооны тавдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталлаа.

 

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо Мягмар гарагт хуралдаж, тус салбарт тулгамдаж буй асуудлын талаарх Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл төрийн бус байгууллагын, аялал жуулчлалыг дэмжих зориулалтаар олгож буй хөнгөлөлттэй зээлийн тухай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэдээллийг сонслоо.

 

Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хуралдаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын мэдээллийг сонсов.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн Нийтийн өмчийн хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж буй ажлын хэсгүүдийг албан өрөөндөө тус тус урьж уулзан, ажлын явц байдлын талаар мэдээлэл сонсож, хуулийн төслүүдийг хаврын ээлжит чуулганы хугацаанд амжуулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

 

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өргөн мэдүүллээ.

 

Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон бусад цогц тусламж, үйлчилгээг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг Баянгол дүүргийн Ахмадын салбар эмнэлэгт ажиллав.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Лхагва 2026.05.06

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Монголбанкны 2025 оны санхүүгийн тайлан, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонсож хэлэлцэв.

 

Төсвийн байнгын хороо хуралдаж, энэ тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

 

Зөвшөөрлийн тухай болон түүнийг дагалдуулан гаргах нийт 89 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдтэй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзаж, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл сонсон, ажлаа шуурхайлах, хуулийн төсөлд тусгагдаагүй харилцааг нэмж тусгах талаар гарц, шийдэл олж ажиллахыг үүрэг болгов.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн болон парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо.

 

Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын нэг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нар хүлээн авч уулзан, санхүүгийн зах зээлийн төлөв байдал, хорооны үйл ажиллагаа, зээлийн хүүг бууруулах бодлогын хэрэгжилтийн салаар ярилцлаа.

 

Эдийн засгийн байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Нийтийн өмчийн хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлын гишүүнийг улс төрийн намын саналаар эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өргөн мэдүүлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг БНСУ-ын гэр бүлийн “Добонгү”  төвийн захирал, профессор Кан Жин А тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан, “Хүүхдийн эрх, гэр бүлийн сэргэлтийг төвд тавьсан БНСУ-ын тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

 

Улсын Их Хурлын Тамгын газраас тогтмол зохион байгуулдаг зохиогч-уншигчийн уулзалтаар Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулан бүтээсэн “Үндсэн хуулиа ойлгохуй: Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар” номын зохиогч, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Цэдэвийн Товуусүрэнтэй уулзав.

 

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй парламентын ардчилал, үнэт зүйлс, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний шийдвэр гаргах түвшинд оролцох ур чадварыг сайжруулах зорилго бүхий “Залуучуудын парламент: Оролцоо” хөтөлбөрийн танилцуулах, санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

 

Пүрэв 2026.05.07

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн, мөн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар дүгнэлттэй танилцаж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэнээр шийдвэрлэв.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг,  Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус өргөн мэдүүлэв.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар тус байгууллагын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Баасан 2026.05.08

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэн баталж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзан, хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар хэрэгжүүлж буй ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар 

Хуваалцах:

Холбоотой мэдээ