Даваа 2026.06.15
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Сонсголын үйл ажиллагаа мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахад чиглэж байна.
Сонсголд эхний өдөр Байнгын хорооны гишүүдээс гадна ажиглагчаар нэг иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Канадын “Дюфрен ба Готьер” сангийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Хелен Дюфрен, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Дулмаа тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Дюфрен ба Готьер” сан Монголын 20 орчим төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлж, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүд болон холбогдох албан хаагчдыг хамруулсан чадавхжуулах сургалтыг цувралаар явуулж байна.
Зөвлөхүүд, албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах зорилготой тус цувралын энэ өдрийн сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжиллээ.
Мягмар 2026.06.16
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж, өндөрлөлөө.
Сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн ялангуяа Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилтийг нарийвчлан ярилцав.
Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалан явуулж, тайлан болон санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв.
Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь намын бүлгүүд таван хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Лхагва 2026.06.17
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газраас “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, П.Ганзориг, Б.Мөнхсоёл нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл хийж, сонсголд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийтэд уриалав.
Пүрэв 2026.06.18
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 15 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүллээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын хамтран боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөлд салбарын яамд, зорилтот бүлгийн иргэд, олон нийтийн санал авах “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Цахим хөгжил, инноваци, харилцааны холбооны болон Зам, тээврийн яамдын мэдээллийг сонслоо.
Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод тус тус нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ. Мөн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Баасан 2026.06.19
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслүүд болон Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг нийт 17 асуудал хэлэлцэж, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд болон Улсын Их Хурлын тогтоолууд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийтлэгджээ.
Мон
English