Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.06.22-06.26

Даваа 2026.06.22

 

*    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. https://www.parliament.mn/nn/77656/

*    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлэг хийхээр Монгол Улсад ажиллаж буй тус сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. https://www.parliament.mn/nn/77657/

*    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал солилцов. https://www.parliament.mn/nn/77658/

*    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьям Жайшанкарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга, Энэтхэг Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг шинэ түвшинд хүргэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо. https://www.parliament.mn/nn/77660/

Мягмар 2026.06.23

 

*    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсын Архивын агентлагийн орлогч дарга, төрийн нарийн бичгийн дарга Юрасов Андрей Викторович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Эдгээр зочид нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын бүрэлдэхүүн бөгөөд манай талаас Архивын ерөнхий газрын удирдлагууд байлцав. https://www.parliament.mn/nn/77671/

*    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.23/ эхэллээ. Ерөнхий хяналтын сонсгол 51.7 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад эхэлсэн.  https://www.parliament.mn/nn/77665/

*    Улсын Их Хурлын дарга НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзан, Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил дэвшил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, идэвх санаачилгад нь талархал илэрхийллээ. Мөн энэ онд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож буйг онцлоод, ойн хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлсон ач холбогдол бүхий арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. https://www.parliament.mn/nn/77670/

*    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.33 цагт 53.3 хувийн ирцтэй эхэлж, нийт таван асуудал хэлэлцэв. https://www.parliament.mn/nn/77672/

Лхагва 2026.06.24

*    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 11.10 цагт эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Энэ сонсголоор нэр дэвшигч Н.Мягмар, Ц.Уртнасан нар тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг сонсгол даргалагч тодотгосон юм. https://www.parliament.mn/nn/77678/

*    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 13 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. https://www.parliament.mn/nn/77676/

*    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  уулзалтын эхэнд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. https://www.parliament.mn/nn/77679/

*    Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөл (Asia National Assembly Water Consultative Board, AAWC)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ха Сөн-Жэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ха Сөн-Жэ Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, хэрэгжүүлж буй санаачилгуудын талаар танилцуулж, усны нөөцийн тогтвортой менежмент, усны засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. https://www.parliament.mn/nn/77680/

*    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж, хоёр өдрийн сонсголын мэдээлэл, Малчны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, төрийн байгууллагуудын тайлбар мэдээлэл, малчид болон иргэдийн санал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хэлэлцүүлэгт үндэслэн нэгдсэн дүгнэлт хийснийг танилцуулав. https://www.parliament.mn/nn/77677/

*    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонссоноос гадна Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. https://www.parliament.mn/nn/77681/

*    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох дэмжлээ. https://www.parliament.mn/nn/77682/

Пүрэв 2026.06.25

*    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 53.6 хувийн ирцтэйгээр 17.56 цагт эхэлж, уртасгасан цагаар хуралдав. Нийт 20 асуудал хэлэлцсэний эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай байв. https://www.parliament.mn/nn/77683/

*    Эдийн засгийн байнгын хороо 56.3 хувийн ирц бүрдсэнээр 14.40 цагт хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 29-нд зохион байгуулахаар тогтов. Мөн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. https://www.parliament.mn/nn/77684/

*    Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо хуралдаж, шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, бодлогын дэмжлэгийн талаарх Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонсож, хэлэлцлээ. https://www.parliament.mn/nn/77690/

*    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын шийдлийн талаар санал солилцлоо. https://www.parliament.mn/nn/77692/

*    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар,  Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Төрийн ордонд болно. Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. https://www.parliament.mn/nn/77693/

*     Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд УИХ-ын 70 гишүүн хүрэлцэн ирснээр, 55.6 хувийн ирцтэй хуралдаж эхлэв. Пүрэв гарагийн хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр мөн өдөр хамгийн эртэч таван гишүүнийг зарласан юм. Энэ өдөр "Их Хуралдай" танхимд бүхнээс түрүүнд ирсэн гишүүд нь Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Х.Жангабыл, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэболд нар байв.  https://www.parliament.mn/nn/77691/

*    Улсын Их Хурлын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. https://www.parliament.mn/nn/77694/

Баасан 2026.06.26

*    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцууллаа. https://www.parliament.mn/nn/77696/

*    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10:10 цагт 59.5 хувийн ирцтэй эхэлж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн нийт есөн хуулийн төслийг эцэслэн баталлаа. https://www.parliament.mn/nn/77706/

*    Улсын Их Хурлын  гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын харилцааг өргөжүүлэх, нийтийн биеийн тамир, хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, хууль эрх зүйн орчин, спортын удирдлага, бодлогын чиглэлээр харилцан туршлага судлах асуудлаар санал солилцов. https://www.parliament.mn/nn/77707/

*    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. https://www.parliament.mn/nn/77708/


Хуваалцах:

Холбоотой мэдээ